Хаггаи 1 - Ариун Библи 2013ЭЗЭНий өргөөг босгох тушаал 1 Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав. 2 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Энэ ард түмэн «Цаг нь болоогүй. ЭЗЭНий өргөөг барих цаг нь ч болоогүй» гэдэг. 3 Тэгээд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж айлдсан нь — 4 Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж үү? 5 Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрийг хянагтун! 6 Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг. 7 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрөө хянагтун! 8 Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна. — 9 Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна. 10 Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон. 11 Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хүч хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв. 12 Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагав. Ард түмэн ЭЗЭНээс эмээж байлаа. 13 Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан —Би та нартай хамт байдаг гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв. 14 Ингээд ЭЗЭН, Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сүнсийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сүнсийг, үлдсэн бүх ард түмний сүнсийг хөдөлгөлөө. Тэд ирж, өөрсдийн Бурхан түг түмдийн ЭЗЭНий өргөөн дээр ажиллав. 15 Энэ нь Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)