Исаиа 65 - Ариун Библи 2013Бурханы шүүлт зөв шударга 1 Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Хайгаагүйд нь Би олдов. Нэрийг минь дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлджээ. 2 Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав. 3 Энэ ард түмэн нүүрэн дээр минь Намайг байнга доромжилж, Цэцэрлэгт тахил өргөн тоосгон дээр үнэртнийг шатааж, 4 Булшнуудын дунд сууж, Нууц газруудад шөнийг өнгөрөөн, гахайн мах идэж, Савандаа бузар шөлийг хийдэг бөгөөд, 5 «Зогс. Над уруу бүү ойртогтун. Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг. Тэд хамарт минь үнэртэх утаа, Бүх л өдөржин шатдаг гал юм. 6 Үзэгтүн, Миний өмнө бичигдсэн бөгөөд Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө, Би өвөрт нь төлнө. 7 Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.” 8 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хонгорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устга. Түүнд ивээл байна» гэж хэлдэг мэт Би боолуудынхаа төлөө үйлдэж, Тэднийг бүгдийг нь устгахгүй. 9 Би Иаковаас үр удмыг, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн Зарц нар минь тэнд амьдарна. 10 Намайг хайгч ард түмний минь төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно. 11 Харин ЭЗЭНийг орхин Ариун уулыг минь мартаж, Аз завшаанд ширээ засаж, Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс ээ. 12 Би дуудсан боловч та нар хариулсангүй, Би хэлсэн боловч та нар сонссонгүй, Харин Миний өмнө мууг үйлдэн Хүсээгүйг минь сонгосон учраас Би та нарыг илдэнд зориулахад Та нар бүгд аллагад бөхийнө” 13 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, зарц нар минь идэх боловч та нар өлсөнө. Үзэгтүн, зарц нар минь уух боловч та нар цангана. Үзэгтүн, зарц нар минь баясах боловч та нар ичнэ. 14 Үзэгтүн, зарц нар минь зүрхэндээ баярлан дуулах боловч, та нар зүрхэндээ шаналан уйлж, Цөхөрсөн сүнсэндээ цурхирна. 15 Та нар нэрээ Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг алах бөгөөд Харин зарц нараа өөр нэрээр дуудна. 16 Дэлхий дээр өөрийгөө ерөөгч нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлон шаналангууд мартагдаж, Нүднээс минь нууцлагджээ. Шинэ бүтээлийн алдар 17 Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч буухгүй. 18 Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун. Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, Баяслын төлөө ард түмнийг нь бүтээнэ. 19 Би Иерусалимд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй. 20 Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно. 21 Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. 22 Бусдыг суулгах гэж тэд барихгүй. Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй. Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг боллоо Сонгосон хүмүүс минь Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ. 23 Тэд дэмий хоосон ажиллахгүй, Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба хойч үе нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ. 24 Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. 25 Чоно хургатай хамт бэлчин арслан үхэр мэт сүрэл идэх бөгөөд шороо нь могойн хоол болно. Бүх ариун ууланд минь тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)