Исаиа 64 - Ариун Библи 20131 Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн. 2 Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, Ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Нэрээ дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. 3 Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ. 4 Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй, Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй. 5 Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу? 6 Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ. 7 Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив. 8 Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл. 9 ЭЗЭН минь, машид ихээр бүү хилэгнээч. Хилэнцийг энд үүрд бүү дурсаач. Үзэгтүн, Таны ард түмэн бид Гуйж байгааг хараач. 10 Ариун хотууд тань зэлүүд, Сион ч зэлүүд Иерусалим ч эзгүй боллоо. 11 Эцэг өвгөд маань Таныг магтаж байсан Ариун, үзэсгэлэнт өргөө маань галд шатжээ. Бүх л үнэт юмс маань нуранги боллоо. 12 ЭЗЭН минь, эдгээрийг Та тэвчсээр байх уу? Та дуугүй байсаар, хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу? |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)