Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 63 - Ариун Библи 2013


Едомын тухай хонзогнол

1 Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар Едомоос ирэгч нь хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”

2 Дээл тань яагаад улаан, Хувцас тань яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?

3 “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд Ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Уурандаа Би тэднийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг дэвсэлжээ. Шүүс нь дээл уруу минь үсэрч, Би бүх хувцсаа бузарлачихлаа

4 Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ.

5 Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй. Намайг дэмжих хэн ч байхгүйд нь Би гайхав. Тиймээс Өөрийн мутар Надад авралыг авчран Уур хилэн минь Намайг дэмжив.

6 Би уурандаа ард түмнүүдийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг согтоон, Шүүсийг нь газарт асгасан юм.”


Бурханы өршөөлийг санах нь

7 ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ.

8 “Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан Аврагч нь болов.

9 Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.

10 Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан.

11 Тэгэхэд ард түмэн нь Мосегийн үеийн, эртний өдрүүдийг дурсан санасан. Сүргийнхээ хоньчинтой нь хамт тэднийг Тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Дунд нь Ариун Сүнсээ оруулсан Тэр хаана байна вэ?

12 Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,

13 Тал нутгаар морьдыг мэт Тэднийг бүдрүүлэхгүйгээр гүн усан дундуур хэн удирдав?

14 Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэднийг амраав. Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Ард түмнээ Та ийнхүү удирджээ.


Гэмшлийн залбирал

15 Тэнгэрээс доош харж, Ариун, цог жавхлант газраасаа үзээч. Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ? Надад хандсан Таны дотоод дуу Өрөвч сэтгэл тань надаас холджээ.

16 Абрахам биднийг үл мэдэн, Израиль биднийг танихгүй байвч Та Эцэг маань билээ. Аяа ЭЗЭН, Та Эцэг маань билээ. Эртнээс Таны нэр бол Аврагч.

17 Өө ЭЗЭН, Юунд Та биднийг замаасаа төөрүүлэн Танаас эмээхгүй болгон Зүрхийг минь хатууруулаа вэ? Өвийнхөө овгууд, Өөрийнхөө боолуудын төлөө эргээч.

18 Ариун ард түмэн тань Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшжээ. Дайснууд маань ариун газрыг нураан гишгэлжээ.

19 Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan