Исаиа 60 - Ариун Библи 2013Бутарсныг цуглуулна 1 Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. 2 Үзэгтүн, газрыг харанхуй, Хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, Алдар нь чиний дээр үзэгдэнэ. 3 Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ. 4 Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. 5 Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна. 6 Үй олон тэмээ, Мидиан болон Ефагийн торомнууд чамайг бүрхэнэ. Тэд бүгд Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран ЭЗЭНий магтаалыг тунхаглана. 7 Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд тахилын ширээнд минь нийцэж Би сүр жавхлант гэрээ алдаршуулна. 8 Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ? 9 Тэр чамайг алдаршуулсан учир Бурхан ЭЗЭНий чинь нэрд, Израилийн Ариун Нэгэнд Хөвгүүдийг чинь мөнгөтэй, алттай нь, Алс холоос авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд нь Ийнхүү эргийн орнууд Намайг харуулдана. 10 Гаднын хүмүүс хана хэрмийг чинь босгон, Хаад нь чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч Тааллаараа Би чамайг өрөвдөх болно. 11 Үндэстнүүдийн эд баялгийг чамд ирүүлж, Хаадыг нь авчрахын тулд Үүд хаалга чинь өдөр ч, шөнө ч хаагдахгүй, Ямагт нээлттэй байх юм. 12 Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана. 13 Ариун газрыг минь үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох Майлс, жодоо, нягт шар мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно. 14 Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ. 15 Хэдийгээр чи хаягдан үзэн ядагдаж, Хэн ч дайран өнгөрдөггүй байсан ч Би чамайг мөнхийн бахархал, Үеэс үед баяр хөөр болгоно. 16 Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн Хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би чиний Аврагч, Чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ. 17 Зэсийн оронд алт, Төмрийн оронд мөнгө, Модны оронд зэс, Чулууны оронд төмөр авчирч, Төр баригчдыг чинь амар тайван, Харгалзагчдыг чинь зөвт байдал болгоно, Би. 18 Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ. Сионы алдар Бурхан 19 Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно. 20 Хойшид нар чинь шингэхгүй, Сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, Гашуудлын чинь өдрүүд төгсөнө. 21 Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ. 22 Хамгийн өчүүхэн нь мянга болж, Хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)