Исаиа 50 - Ариун Библи 20131 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн. 2 Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав? Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй юу? Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж, Гол мөрөнг цөл болгох бөгөөд Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ. 3 Би тэнгэрийг харанхуйгаар хучин Бүтээлгийг нь таар болгоно.” Зарцын амсах бүхэн 4 Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ. 5 Эзэн БУРХАН чихийг минь нээсэн бөгөөд Би ч тэрсэлсэнгүй, гэдрэг ухарсангүй. 6 Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй. 7 Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тиймээс Би гутамшиг болохгүй. Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ. 8 Намайг зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Хамтдаа зогсоцгооё. Ямар хүн Надтай заргалдах вэ? Тэр дэргэд минь ирэг. 9 Үзэгтүн, Надад тусалдаг Эзэн БУРХАН байна. Хэн Намайг яллах вэ? Харагтун, тэд бүгд хувцас адил хуучирч, Хивэн эрвээхэйд идүүлнэ. 10 Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун. 11 Гал ноцоож, Гал сумаараа хүрээлэгчид ээ, харагтун, Бүгдээрээ галынхаа гэрэлд, Ноцоосон сумнуудынхаа дундуур алхагтун. Мутраас минь авах зүйл чинь энэ билээ. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)