Исаиа 46 - Ариун Библи 20131 Бел бөхийн, Небо сунаж унана. Шүтээнүүд нь араатан ба мал адгуус дээр ачигдсан байна. Тээш тань ядарсан адгууснуудад Үүрэх хүнд ачаа болжээ. 2 Тэд сунацгааж, хамтдаа бөхийн Ачаагаа ч аварч чадсангүй, Өөрсдөө ч олзлогдов. 3 Иаковын гэр ээ, Израилийн гэрийн үлдэгсэд ээ, Бүгд Намайг сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн Надаар төрсөн 4 Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би авч явах болно. Би хийсэн, Би тээнэ. Би түшиж яваад, аварна. 5 Намайг та нар хэнтэй адилтгаж, Надтай зэрэгцүүлэн зүйрлэж Өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ? 6 Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, Мөнгийг жинлүүрээр жинлэн, Алтны дархныг хөлсөлдөг. Тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг. 7 Тэд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн уруу нэг нь хашхирлаа гэхэд Тэр хариулахгүй, Мөнөөхийг зовлон шаналангаас нь ч чөлөөлөхгүй. 8 Үүнийг санагтун, эрэлхэг байгтун. Гэмтнүүд ээ, үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулагтун. 9 Учир нь Би Бурхан, өөр байхгүй. Би Бурхан. Надтай ижил нь үгүй учраас Өнө урьдын, эртний зүйлсийг санагтун. 10 “Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн. 11 Би дорно зүгээс махчин шувууг, Алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд Үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ. 12 Зөвт байдлаас алс байгч, Хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун. 13 Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)