Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 42 - Ариун Библи 2013


Үндэстнүүдийн Үйлчлэгч бас Гэрэл

1 Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.

2 Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй, гудамжинд ч сонсгохгүй.

3 Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна.

4 Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

5 Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

6 “Би ЭЗЭН. Чамайг зөвт байдалд дуудаж, гараас чинь атгаад, Чамайг хамгаалж, Чамайг ард түмний гэрээ хэмээн, Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө.

7 Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.

8 Би ЭЗЭН. Нэр минь Тэр билээ. Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

9 Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрчээ. Би шинэ юмыг мэдүүлж байна. Соёолон гарахаас нь өмнө Би та нарт сонордуулна.”


Магтаалын магтуу

10 Далай уруу орогч ба дотор нь буй бүгд, Арлууд болон дээр нь оршин суугчид аа. ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг дэлхийн хязгаараас магтагтун.

11 Цөл хийгээд хотууд, Кедарын амьдран суудаг суурингууд дуугаа өргөгтүн. Хад чулуун дунд оршин суугчид Чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!

12 Тэд ЭЗЭНд алдрыг өргөн Магтаалыг нь эргийн орнуудад тунхаглах болтугай!

13 ЭЗЭН дайчин мэт урагшилж, Дайнч эр мэт зүтгэн босоод, Хашхиран уухайлж, дайснаа дарна.

14 Би удаан хугацаагаар дуугаа хурааж, биеэ барилаа. Одоо Би төрөх гэж байгаа эмэгтэй мэт хашхирч, Хоосруулан сүйтгэж, бүхнийг залгих болно.

15 Би уул толгодыг хоослон Бүх өвс ногоог нь хатаан Гол мөрнийг нь арлууд болгож, Цөөрмүүдийг нь ширгээнэ.

16 Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.

17 Сийлмэл хөргүүдэд итгэгсэд, Цутгамал хөргүүдийг “Та нар бурхад маань” гэж хэлэгсэд Хойшоо эргэн бүрмөсөн гутаагдана.

18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун! Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!

19 Боолоос минь өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн минь адил дүлий нь хэн бэ? Үнэнч нэгэн шиг минь сохор эсвэл ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

20 Чи үзсэн, олон юмыг үзсэн боловч анзаараагүй. Чих чинь нээлттэй байсан авч юуг ч сонсоогүй.


Дуулгаваргүй Израиль

21 Зөвт байдлынхаа төлөө Хуулийг агуу их, хүндтэй болгох нь ЭЗЭНд таатай байдаг.

22 Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.

23 Та нараас хэн чагнах вэ? Хэн ирээдүйд анхаарч, сонсох юм бэ?

24 Хэн Иаковыг олзонд Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? Бид Өөрийнх нь эсрэг нүгэл үйлдэж, Бас тэд замаар нь яваагүй, Хуулийг нь ч дагаагүй Тэр ЭЗЭН биш гэж үү?

25 Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan