Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 38 - Ариун Библи 2013


Хезекиа өвдөв

1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд, —ЭЗЭН айлдахдаа: “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв.

2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн ЭЗЭНд залбирч —

3 Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав.

4 Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж, —

5 Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.

6 Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална» гэсэн” гэж хэл!

7 ЭЗЭН амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ.

8 Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.

9 Иудагийн хаан Хезекиа өвчлөөд илааршсаны нь дараах бичиг:

10 “Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны үүд хаалгаар орж, Он жилүүдийнхээ үлдэгдлийг Алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.

11 “Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дунд Хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.

12 “Хоньчны майхан мэт Гэр орныг минь буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.

13 Өглөө болтол би тэвчивч, Бүх ясыг минь Тэрээр арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.

14 Би хараацай мэт, тогоруу мэт орилон Тагтаа мэт гүнгэнэнэ. Эцсэн нүд минь өөдөө ширтэнэ. Эзэн, би шаналж байна. Хамгаалалт минь байгаач.

15 Тэрээр надад айлдан Өөрөө үүнийгээ үйлдсэн болохоор Би юу хэлэхсэн билээ? Сэтгэлийнхээ гашуудлаас болж Би бүх он жилүүддээ төлөв даруу явна.

16 Эзэн минь, Хүмүүс эдгээрээр амьдраг. Энэ бүхэнд сүнс минь бий. Та намайг эдгээж, амьдруулна.

17 Үзэгтүн, сайны төлөө би Гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүйрлийн нүхнээс Та хамгаалсан. Гэм нүгэл бүрийг минь Та нурууныхаа араар хаясан.

18 Учир нь Танд Үхэгсдийн орон талархаж чадахгүй, Үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд эс найдна.

19 Өнөөдөр миний үйлдэж байгаачлан Амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Итгэмжит байдлыг чинь сургамжилна.

20 ЭЗЭН намайг заавал аварна. Тэгээд амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд бид чавхдаст хөгжмөөр тоглоно” гэжээ.

21 Тэгээд Исаиа —Тэд зүсэм инжир авч буглаат хатгин дээр нь тавивал тэр эдгэнэ гэж хэлэв.

22 Хезекиа —Би ЭЗЭНий өргөөнд очно гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan