Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 37 - Ариун Библи 2013


Хезекиа Исаиатай зөвлөлдөв

1 Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров.

2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын ахмадуудын хамт, таар нөмөргөн Амозын хүү эш үзүүлэгч Исаиад илгээв.

3 Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр зовлон шаналан, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадал алга.

4 Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.

5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа дээр ирэв.

6 Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэр үгсээс бүү айгтун!

7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.

8 Тэгтэл Рабшаке буцаж ирээд, Лахишийг Ассирийн хаан орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байгааг нь мэдэв.

9 Гэтэл Кушийн хаан Тирхакагийн тухайд “Тэр чиний эсрэг дайтахаар хөдөлсөн” гэхийг хаан сонсов. Тэрээр үүнийг сонсоод Хезекиад элч нарыг илгээж —

10 Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт орохгүй» гэж чамайг бүү мэхлэг!

11 Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?

12 Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүд буюу миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?

13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гэв.


Хезекиагийн залбирал

14 Ингээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.

15 ЭЗЭНд Хезекиа залбиран

16 “Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН, Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.

17 ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн бүх үгийг сонсооч.

18 ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд,

19 бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.

20 Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.

21 Тэгтэл Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас

22 түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.

23 Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!

24 Чи зарц нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, Шилмэл майлс моддыг тас цавчлаа. Би хамгийн өндөр оргил, Хамгийн өтгөн ойд нь хүрч очлоо.

25 Би малтаж, ус ууж, Хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэв.

26 Чи сонсоогүй юм уу? Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж, Эрт цагт үүнийг хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгохыг Одоо Би биелэл болголоо.

27 Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж, Айн түгшиж, ичгүүрт орсон билээ. Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг, Дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө сүйтгэгддэг өвс мэт болов.

28 Харин Би чиний суух болон гарах орохыг Миний өөдөөс шазруун байгааг чинь ч мэднэ.

29 Чи Миний эсрэг уурлаж, Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас Би хамарт чинь дөр юугаа зүүж, Амыг чинь хазаарлаж, Ирсэн замаар чинь чамайг буцаана.

30 Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, харин гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.

31 Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн дээгүүрээ үр жимс гаргах болно.

32 Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ”» гэв.

33 Тиймээс Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хотод ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.

34 Тэр ирсэн замаараа буцах бөгөөд энэ хотод орж ирэхгүй гэж ЭЗЭН айлдаж байна.

35 Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно» гэв гэлээ.


Сеннахерибын ялагдал ба үхэл

36 Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.

37 Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав.

38 Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адраммелех, Шарезер нар нь түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan