Исаиа 35 - Ариун Библи 2013Сионд ирэгсэд 1 Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ. 2 Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна. 3 Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн! 4 Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн. 5 Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно. 6 Тэр үед доголон нь буга мэт дүүлж, Хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана. 7 Улайдмал шороо цөөрөм, Ундаассан газар усан булаг болно. Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад Өвс ургамал хулс, зэгс ургана. 8 Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө. 9 Тэнд арслан байхгүй, догшин араатан ч гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана. 10 ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)