Исаиа 33 - Ариун Библи 2013Чөлөөлөлтийн тухай эш үзүүллэг 1 Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ. 2 Аяа ЭЗЭН, Биднийг нигүүлсээч! Бид Таныг хүлээнэ. Өглөө бүр Та хүч маань болж, Зовлон шаналангийн цагт Та аврал минь байгаач! 3 Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана. 4 Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг, Хүмүүс түүн дээр овооролдоно. 5 ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө. Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана. 6 Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ. 7 Үзэгтүн, зоригтнууд нь гадаа уйлалдаж, Энхийн элч нар нь гашуудан цурхирна. 8 Их замууд хоосрон, Аялагчид алга болов. Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн Хүнийг ойшоосонгүй. 9 Газар гашуудаж хатав. Ливан ичиж гандав. Шарон эзгүй тал мэт болов. Башан хийгээд Кармел ч навчаа гөвөв. 10 “Одоо Би босно” гэж ЭЗЭН айлдаж байна. “Одоо Би өргөмжлөгдөнө. Одоо Би өргөгдөнө. 11 Та нар өвснөөс хөл хүнд болж, сүрэл төрүүлнэ. Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана. 12 Хүмүүс нь далдуу мод мэт, Галд шатаж буй тастуулсан сундуу мэт шатна. 13 Холынхон та нар, юу хийснийг минь сонсож, Ойрынхон та нар, хүчийг минь мэдэгтүн” гэв. 14 Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?” 15 Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж, Шударга бус олзыг жигшиж, Хахууль авахаас гараа хол байлгаж Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь 16 Өндөрт заларна, Түүний хоргодох газар нь Хадан бэхлэлт байх болно. Түүнд талх нь хангагдаж, Ус нь элбэг байх болно. Аугаа Хааны газар нутаг 17 Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж, Тэд алс холын газрыг үзнэ. 18 Зүрх чинь “Тооллого хийгч хаана байна? Татвар хураагч хаа байна? Цамхаг хянагч хаа байна?” гэж Аюулыг тунгаан бодно. 19 Хэн ч ойлгохгүй бэрх яриатай, Хэн ч үл ойлгох харь хэлтэй Догшин хүмүүсийг чи цаашид эс харна. 20 Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, Нэг ч аргамж нь тасрахгүй, Эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. 21 Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, Сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй. 22 Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. 23 Чиний аргамж тайлагдаж, Шургийн суурь нь уягдахгүй, Дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж, Доголон хүн ч хувь хүртэнэ. 24 “Би өвчтэй байна” гэж Нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)