Исаиа 31 - Ариун Библи 2013Египеттэй сүлбэлдээд нэмэргүй 1 Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа. 2 Гэвч Тэр бас мэргэн бөгөөд Аюул гамшгийг авчирна. Тэр үгээ буцааж эс авна. Харин Тэр, ёрын мууг үйлдэгчийн гэрийн эсрэг, Ёс бусыг үйлдэгчдэд туслагсдын эсрэг босох болно. 3 Египетчүүд нь Бурхан биш, хүмүүс билээ. Морьд нь сүнс биш, махбод билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад, Тусалдаг нь бүдэрч, Туслуулагчид нь унаж, Бүгдээрээ хамт үхнэ. 4 Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ. 5 Элин халих шувууд мэт түг түмдийн ЭЗЭН Иерусалимыг хамгаална. Тэр хамгаална, чөлөөлнө. Тэр алгасна, аварна” гэж айлдав. 6 Израилийн хөвгүүд ээ, Урван тэрсэлсэн та нар Түүн уруугаа буцагтун! 7 Учир нь тэр өдөр Өөрийнхөө гараар өөрсдөдөө зориулан Гэм нүгэл болгон үйлдсэн Мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдээ Хүн бүр хаяна. 8 “Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, Хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд Залуус нь албадлагын ажиллагсад болно. 9 Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)