Исаиа 28 - Ариун Библи 2013Авилгач удирдагчид, тахилчид ба эш үзүүлэгчид 1 Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм, Үржилт хөндийн аман дахь Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох Дарсанд цохигдсон хүмүүс! 2 Үзэгтүн, Эзэнд эрх мэдэлт, хүчит нэгэн бий. Шуурган мөндөр, сүйрлийн хар салхи, Үерлэх усны хүчит шуурга лугаа адил Түүнийг мутраараа дэлхий уруу чулуудна. 3 Ефраимын согтуучуудын бардам титэм нь Хөл дор гишгэгдэнэ. 4 Үржилт хөндийн аман дахь цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг Зуны өмнө боловсорсон Анхны инжрийн жимс мэт болно. Харсан хүний гарт оров уу, үгүй юу, түүнийг залгина. 5 Тэр өдөр түг түмдийн ЭЗЭН Амьд үлдсэн хүмүүстээ цог жавхлант титэм, Үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж, 6 Шүүх газар сууж буй хүнд Шударга сүнс болж, Тулаанд дааман хаалга тийш ухрагчдад Хүч чадал нь болно. 7 Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна. 8 Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч, Цэвэр газаргүй болж байна. 9 “Тэр хэнд мэдлэг заах болж байна вэ? Тэр хэнд сургаалыг ойлгуулах болж байна вэ? Сүүнээс гарсан хүүхдэд үү, хөхнөөсөө салсан хүүхдэд үү? 10 Учир нь Тэр «Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, Журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан» гэж байна.” 11 Үнэхээр Тэр энэ ард түмэнд хандаж Шулганасан уруул, харь хэлээр дамжуулан ярих болно. 12 Тэр тэдэнд “Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна” гэсэн боловч Тэд сонсохгүй байх юм. 13 Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь “Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, Журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан” гэнэ. Энэ нь тэд явж, гэдрэгээ савж хэмхрээд, Урхинд орж баригдахын тулд болой. 14 Тиймээс Иерусалим дахь Энэ ард түмнийг захирагч, шооч эрчүүд ээ. ЭЗЭНий үгийг сонсогтун! 15 Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулж, Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Бидэнд хүрэхгүй. Учир нь бид Худал хуурмагийг хоргодох газраа болгож, Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн. 16 Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ. 17 Би шударга ёсыг хэмжих шугам болгон, Үнэн зөвийг төвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин Нууц газрыг усаар урсгана. 18 Үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр чинь Хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Та нарыг гишгэчин дэвслэх болно. 19 Тэр өнгөрөх бүрдээ Та нарыг барина. Өглөөнөөс өглөөд, Өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь Илт айдас байх болно” гэж айлдаж байна. 20 Сунаж хэвтэхэд ор нь хэт богино, Хучихад хөнжил нь хэт нарийн ажээ. 21 ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр ажилаа, этгээд ажилаа хийнэ. 22 Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл гинж чинь чангарна. Учир нь бүх дэлхий дээр хатуу тогтоогдсон сүйрлийг Түг түмдийн Эзэн БУРХАНаас би сонсов. 23 Чих тавин дууг минь чагнаач! Анхаарал тавин яриаг минь чагнаач! 24 Тариачин үр цацахын тулд Бүх л өдөржингөө газраа хагалдаг уу? Тэр үргэлж борнойдон Хөрсийг нь сийрүүлдэг үү? 25 Тэр газрын гадаргыг тэгшлэн Ногоон гоньд тарьж, гоньд цацдаггүй гэж үү? Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь, Хөц будааг талбай дээр нь тарьдаг биш үү? 26 Учир нь Бурхан нь түүнд Журмаар нь заан сургадаг. 27 Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй, Тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй. Харин ногоон гоньдыг саваагаар, Гоньдыг шийдмээр балбадаг. 28 Талхны тариаг үйрүүлдэг ч тасралтгүй нүдээд байдаггүй. Дээр нь бул эргүүлдэг ч морьд өөрөө нунтагладаггүй. 29 Энэ нь бас түг түмдийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд Зөвлөгөө нь гайхамшигтай, Мэргэн ухаан нь агуу их билээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)