Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 2 - Ариун Библи 2013


Бурханы ирээдүйн өргөө

1 Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.

2 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.

3 Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.

4 Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Ихэрхэлд ногдох шүүлт

5 Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.

6 Чи зам мөрөө алджээ, Өө Иаковын гэр ээ, Үнэхээр тэд филистчүүд шиг Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч, Гаднынхантай гар барилцаж байна.

7 Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, Эрдэнэсийн санд нь эцэс төгсгөл гэж алга. Нутаг нь морьдоор дүүрч, Тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга.

8 Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, Тэд гарынхаа бүтээлд, Хуруугаараа хийсэн юмандаа мөргөцгөөдөг.

9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн Тэднийг бүү уучлаг.

10 ЭЗЭНий аймшиг, жавхлант сүр хүчнээс нь зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдаг.

11 Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, Хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

12 Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.

13 Энэ нь Ливаны ихэмсэг өргөгдсөн бүх хуш, Башаны бүх царс,

14 Бүх ихэмсэг уул, Байдгаараа өргөмжлөгдсөн хамаг толгод,

15 Аливаа өндөр цамхаг, Аливаа бэхлэгдсэн хэрэм,

16 Таршишийн бүх усан онгоц, Бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.

17 Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

18 Шүтээнүүд оргүй алга болно.

19 ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.

20 Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө бүтээсэн Мөнгөн шүтээнүүд ба алтан шүтээнүүдээ Сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.

21 Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.

22 Хамартаа амьсгал нь байдаг Хүмүүнд хандахаа боль. Юуны учир тэр хүндлэгдэх ёстой гэж?

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan