Исаиа 14 - Ариун Библи 2013Израилийн сэргэлт 1 ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ. 2 Ард түмэн тэднийг авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт, зарц шивэгчингүүд болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдаа тэд захирах болно. Вавилоны хааны уналт 3 Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад 4 Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө. Дарангуйлагч хэрхэн болив, Эрээ цээргүй байдал нь хэрхэн эцэслэв! 5 ЭЗЭН буруутын таягийг, Захирагчдын очирт таягийг хугалжээ. 6 Тасралтгүй цохих уураараа Ард түмнүүдийг цохиж, Зогсоолтгүй мөшгөх хилэнгээрээ Үндэстнүүдийг захирав. 7 Бүх газар амарч, анир чимээгүй болж, баярын уухай хадаана. 8 Майлснууд ч, Ливаны хуш модод ч чамд баярлаж “Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй” гэнэ. 9 Доор Үхэгсдийн орон Чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг, Газрын бүх л дээдсийг сэрээн Үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнээс нь босгоно. 10 Тэд бүгд чамд хариулан “Чи ч бидэн шиг дорой болсон. Чи бидэнтэй адил болсон. 11 Чиний бүх жавхлан, босоо ятгын чинь дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Доор чинь өт тархан Хорхойнууд бүтээлэг чинь болно” 12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч Чи хөсөр хаягдлаа! 13 Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад Чуулганы уулан дээр заларна. 14 Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн. 15 Гэвч чи Үхэгсдийн орон уруу, Хамгийн гүн нүхэнд хаягдана. 16 Чамайг харсан хүн бүр гайхан мэлэрч «Дэлхийг донсолгон, Хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү? 17 Ертөнцийг цөл мэт болгон, Хотуудыг нь бусниулсан, Хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ. 18 Үндэстнүүдийн хаад бүгд алдар дотор Булшиндаа хэвтэж байна. 19 Харин чи жигшигдсэн гишүү мэт, Хөлд гишгэгдэх хүүр мэт, Илдэнд цоо хатгуулж, Нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг адил Булшнаасаа хаягдав. 20 Чи газар нутгаа сүйтгэж, Ард түмнээ алсан учир Тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Ёрын мууг үйлдэгчдийн үр удам Дахин үл дурсагдана. 21 Эцгүүдийнх нь хилэнцээс болж Хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн! Тэд босож, газрыг эзэмшиж, Ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй. 22 “Би тэдний эсрэг босно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна. 23 “Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. Ассирийн тухай зөн 24 Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ. 25 Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тэгэхэд буулгыг нь тэднээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна. 26 Энэ нь бүх дэлхийн эсрэг тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм. 27 Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв. Филистийн тухай зөн 28 Ахаз хааны өөд болсон жил энэ зөн ирлээ. 29 “Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун! Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх агаад Үр жимс нь нисдэг галт могой болой. 30 Үгээгүй гуйлгачингууд идэж, Ядуус аюулгүй амгалан хэвтэнэ. Үндсийг чинь Би өлсгөлөнгөөр үхүүлнэ, Үлдэгсдийг чинь ална, 31 Үүд хаалга аа, уйлагтун! Хот оо, цурхиран уйл! Хамаг филистчүүд ээ, та нар Сарниж алга болцгоо! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний жагсаалын цэргээс Нэг нь ч эс хоцров. 32 Тэгвэл тэр харийн элч нарт Яаж хариулах вэ? Сионы суурийг ЭЗЭН тавьсан. Түүний ард түмнээс зүдэрсэн нь Хоргодох байр олно.” |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)