Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иов 1 - Ариун Библи 2013


Иовынхон

1 Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.

2 Түүнд долоон хүү, гурван охин төржээ.

3 Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.

4 Түүний хөвгүүд ээлж ээлжээрээ, нэг нэгнийдээ цугларан найрлахдаа эгч дүү гурвыгаа хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.

5 Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Иовын тухай хатгасан нь

6 Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.

7 ЭЗЭН, Сатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв.

8 ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв.

9 Тэгэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Иов шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?

10 Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа.

11 Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.

12 Тэгэхэд ЭЗЭН, Сатанд —Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ гараа түүнд л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.


Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдав

13 Нэгэн өдөр түүний хөвгүүд, охид хамгийн том ахынхаа гэрт идэцгээж, дарс ууцгааж байтал

14 Иов уруу нэгэн элч ирж —Үхрүүд газар хагалж, илжигнүүд хажууханд нь идээшилж байсан.

15 Савечууд довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.

16 Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.

17 Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.

18 Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал,

19 харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.

20 Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:

21 Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв.

22 Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan