Иошуа 24 - Ариун Библи 2013Овгууд гэрээг сэргээв 1 Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов. 2 Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв. 3 Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг тэр л мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн. 4 Исаакт Би Иаковыг бас Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ. 5 Мосе Аарон хоёрыг Би илгээж, египетчүүдийн дунд олон зүйлийг Би Өөрөө хийж Египетэд гамшиг тохоосон. Үүний дараа тэндээс та нарыг Би гаргасан. 6 Танай өвөг дээдсийг Би Египетээс гаргаж та нар тэнгис уруу ирсэн бөгөөд египетчүүд хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл мөшгөн хөөсөн. 7 Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан. 8 Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтээд суурьшсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан. 9 Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак эсэргүүцэн босож Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан. 10 Харин Балаамыг сонсохыг Би хүсээгүй учир тэр та нарыг ерөөж, Би та нарыг тэдний гараас аварсан. 11 Та нар Иорданыг гаталж Иериход ирсэн. Иерихогийн иргэд болох аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан боловч Би тэднийг гарт чинь өгсөн. 12 Би та нарын өмнө хорт хэдгэнийг илгээж аморичуудын хоёр хааныг хөөсөн бөгөөд үүнд та нарын сэлэм ба нум оролцоогүй. 13 Би өөрсдийн чинь тэмцээгүй нутгийг та нарт эзэмшүүлж, барьж босгоогүй хотуудыг бас өгч та нар тэнд амьдарсан. Өөрсдийнхөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс та нар идсэн” гэв. 14 Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил. 15 ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. 16 Ард олон —Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс хол байг. 17 Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ. 18 Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав. 19 Тэгэхэд Иошуа ард олонд —Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. 20 Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв. 21 Ард олон Иошуад —Үгүй, бид зөвхөн ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд 22 Иошуа тэдэнд —ЭЗЭНд үйлчлэхээр, Түүнийг сонгосныхоо гэрч нь өөрсдийнхөө өмнө өөрсдөө та нар болов гэхэд тэд —Бид гэрч нар мөн гэлээ. — 23 Тэгвэл одоо өөрсдийн дунд байгаа харийн бурхдыг авч хаяад, Израилийн Бурхан ЭЗЭНд сөгдөн, Түүнд зүрх сэтгэлээ хандуулагтун гэв. 24 Ард олон Иошуад —Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүнийг сонсож дуулгавартай дагах болно гэлээ. 25 Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав. 26 Иошуа эдгээр үгийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байх царс модон доор байрлуулав. 27 Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв. 28 Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав. Иошуа Елеазар нар өөд болов 29 Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван насандаа өөд болов. 30 Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байдаг өөрийнх нь өвийн нутаг Тимнат-серад хөдөөлүүлэв. 31 Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд Израиль ЭЗЭНд үйлчилсэн ба Иошуагаас хойш амьд байж, Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан ахмадуудын бүх өдрүүдэд ч тэд ЭЗЭНд бас үйлчилсэн юм. 32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан хэсэг газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов. 33 Мөн Аароны хүү Елеазар нас барсанд тэд Ефраим дахь уулархаг нутагт хүү Финехаст нь хуваарилагдсан Гибеагийн толгодод түүнийг хөдөөлүүлэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)