Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иошуа 22 - Ариун Библи 2013


Иорданы зүүн овгийнхон эзэмшилдээ буцав

1 Иошуа тэгээд реубенчүүд, гадчууд болон Манассегийн хагас овгийнхныг дуудан ирүүлж,

2 тэдэнд —ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан бүхнийг та нар сахиж, мөн миний та нарт тушаасан бүхэнд миний дуу хоолойг дагаж байсан.

3 Та нар өнөөдрийг хүртэл ах дүү нараа хэзээ ч орхилгүй, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаасан үүргийг үнэнчээр сахиж байв.

4 Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо.

5 Харин ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасны дагуу өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчил гэсэн тушаал ба хуулиудыг биелүүлэхэд сайтар анхаар гэлээ.

6 Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.

7 Башаны газрыг Манассегийн нэг хагас овогт Мосе өгсөн бол Иорданы наад тал буюу баруун тал дахь нутгийг нөгөө хагас овогт нь Иошуа өгөв. Энэ нь ах дүү нарынх нь нутгийн дунд байв. Тэгээд Иошуа тэднийг өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулахдаа тэднийг ерөөн —

8 Майхнууддаа хөрөнгө арвин, сүрэг олон, мөнгө, алт, хүрэл, төмөр, хувцас ихтэй буцаж оч. Дайснуудаас олзолсноо ах дүү нартайгаа хуваа гэв.

9 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж, Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу суурьшсан Гилеадын эзэмшил нутаг уруугаа буцаж явлаа.


Иорданы зүүнтээх тахилын ширээ

10 Канаан нутаг дахь Иорданы бүс нутагт ирээд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэндээ Иорданы дэргэд, харахад сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.

11 Израилийн хөвгүүд үүнийг сонсоод —Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овог Канаан нутгийн урд, Иорданы бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон байна гэв.

12 Үүнийг сонсоод Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.

13 Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг илгээв.

14 Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн бүлийн тэргүүн болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн овгуудын дотор өөрсдийн эцэг өвгөдийн бүлийн тэргүүнүүд байв.

15 Тэд Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон дээр Гилеад нутагт ирээд, тэдэнд —

16 ЭЗЭНий даяар хотол түмэн ийн хэлж байна. Та нар өөрсдөдөө тахилын ширээ босгосноороо ЭЗЭНий эсрэг харш юм хийж, ЭЗЭНээс буцан эргэж, Израилийн Бурханы эсрэг үйлдсэн энэ итгэмжгүй үйлдэл чинь юу вэ?

17 Пеорын хилэнцээс болж ЭЗЭНий хотол түмэн дээр гай гамшиг буусныг болон энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүйг та нар мэднэ. Бидэнд энэ нь багадлаа гэж үү?

18 Гэтэл та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНий өөдөөс тэрслэн босвол ЭЗЭН маргааш Израилийн даяар хотол түмэнд хилэгнэх болно.

19 Хэрэв суурьшиж буй нутаг чинь цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй, ЭЗЭНий эзэмшлийн нутагт нааш ирж, бидний дунд оршин суугаач. Гэхдээ бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун.

20 Зерагийн хүү Ахан хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж, Израилийн даяар хотол түмэн дээр уур хилэн буугаагүй гэж үү? Ийм хилэнцээс болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.

21 Тэгтэл Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон Израилийн ургуудын тэргүүнүүдэд хариулан —

22 Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.

23 Хэрэв ЭЗЭНийг дагахаас бид эргэсэн бол мөн шатаалт буюу идээн өргөлийг эсвэл эвийн тахилыг өөрсдөдөө зориулан өргөхөөр тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.

24 Үүнийг үйлдэхэд бидний санаа зовсон үнэн учрыг хэлбэл “Хожим танай үр удам «Та нар Израилийн Бурхан ЭЗЭНтэй ямар холбоотой юм бэ?

25 Реубен болон Гадын хөвгүүд ээ, ЭЗЭН Иорданыг та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» гэж манай үр удамд хэлж магад. Ийнхүү танай үр удмаас болж манай үр удам ЭЗЭНээс эмээхгүй болж болох юм.”

26 Тэгээд бид хэлцэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Энэ нь шатаалт тахил болон өргөлийн төлөө бус,

27 харин бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНд үйлчилдгийг л харуулахын тулд байг. Та бид болон бидний дараагийн үеийнхний хооронд энэ нь гэрч болог. Хожим манай үр удам «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» гэж танай үр удамд хэлүүлэхгүйн тулд энэхүү ширээг босгосон билээ” гэв.

28 Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид хариуд нь «Бидний өвөг эцгүүд, шатаалт тахил юмуу өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд ЭЗЭНий тахилын ширээг хэрхэн хуулсныг хар» гэж хэлнэ” гэлээ.

29 Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба идээн өргөлд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв.

30 Үүнийг сонссон тахилч Финехас ба түүнтэй хамт байсан хотол түмний удирдагчид болох Израилийн ургийн тэргүүнүүд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийг таашаав.

31 Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд —ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэдлээ. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг итгэмжгүй харш юм үйлдээгүй ба та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.

32 Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас болон удирдагчид Гилеад нутагт буй Реубений хөвгүүд болон Гадын хөвгүүдээс салан явж, Канаан нутагт буй Израилийн хөвгүүд дээр хариу үг авч буцаж ирэв.

33 Энэ үг нь Израилийн хөвгүүдийн таалалд нийцсэн ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн суурьшиж байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив.

34 Реубен болон Гадын хөвгүүд энэ тахилын ширээг “Гэрч” гэж нэрлээд, “Энэ нь бидний дунд, ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн гэрч юм” гэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan