Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иошуа 17 - Ариун Библи 2013


Манассегийн нөгөө хагас овог

1 Манассе Иосефын ууган хүү тул түүний овогт газар нутгийг бас хуваарилан өгөв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан учир түүнд Башан Гилеад хоёрыг өгөв.

2 Манассегийн бусад хөвгүүдэд ураг ургийнх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь ногдов. Эдгээрийг ургаар нь үзвэл, Иосефын хүү Манассегийн удмын эрчүүд билээ.

3 Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй, зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза гэдэг байв.

4 Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд —Бидэнд ах дүү нарын маань дунд өв өгөхийг ЭЗЭН, Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өв өгөв.

5 Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башан нутгаас гадна, арван зурвас газар байв.

6 Учир нь Манассегийн охид, хөвгүүдийнх нь дунд өв авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.

7 Манассегийн хилийн шугам нь Ашераас Шехемийн зүүнтээ орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээсээ Ен-таппуагийн оршин суугчдыг хамран урд зүг уруу явсан байв.

8 Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав.

9 Уг хил Кана хөндийн өмнө талаар урууддаг байжээ. (Манассегийн хотууд дунд энэ хотууд нь Ефраимд харьяалагддаг байв.) Манассегийн хил нь уг хөндийн хойд талаар үргэлжлэн, тэнгист ирж төгсдөг байлаа.

10 Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер, зүүн зүгт Иссахартай хил залгадаг байлаа.

11 Энэхүү Иссахар болон Ашераас гадна Бет-шеан, Иблеам суурингууд ба Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид бүгдээрээ Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.

12 Гэвч канаанчууд уг нутагт амьдарсаар байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудыг эзлэн авч чадсангүй.

13 Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болж, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн хэдий ч тэднийг бүрмөсөн хөөж гаргасангүй.


Иосефын хөвгүүдийн мэдэгдэл

14 Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад —Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад, яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв.

15 Иошуа тэдэнд —Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ойд очиж, перизчүүд болон Рефаимын нутгийн модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ гэв.

16 Иосефын хөвгүүд —Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш. Гэсэн ч тэр хөндий тал газар болон Бет-шеан ба түүний суурингууд мөн Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр тэрэгтэй юм байна гэв.

17 Харин Иошуа, Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт —Та нар шиг ийм их хүчирхэг бас олуулаа улсад ганц хувь ногдол нь зохисгүй.

18 Иймд уулархаг нутаг болон салбар уулс нь бас та нарынх болох ёстой. Энэ нь ой модтой ч гэсэн та нар түүнийг буулга. Канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan