Иошуа 13 - Ариун Библи 2013Канааны эзлэгдээгүй хэсэг 1 Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чи нас ихэд өндөр болж хөгширчээ. Гэвч эзэмшилд авах маш их газар үлдсэн байна. 2 Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох 3 Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван ноёны газар нутаг буюу аввичуудын газар нутаг, 4 өмнө зүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара, 5 мөн гебалчуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, наран ургах зүгийн Ливан бүхэлдээ юм. 6 Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Миний чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон шавга хаяж хуваарилагтун. 7 Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв. Иорданы зүүнтээх нутаг дэвсгэр 8 Манассегийн хагас овгийнхны хамт реубен болон гадынхан Иорданы зүүнтээд буюу нөгөө талд Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан билээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой. 9 Энэ нь Арнон голын захад орших Ароер болон голын хөндийн дунд орших хотоос Дибоныг хүртэл Медебагийн бүх тал газар, 10 мөн Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх хотоос Аммоны хөвгүүдийн нутгийн хилийг хүртэл үргэлжилж байсан юм. 11 Мөн Гилеад, гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу 12 Аштарот ба Едреид хаанчилж байсан Башан дахь Ог хааны (рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн) бүхий л хаант улсыг багтааж байлаа. Мосе тэднийг цохиж, хөөн зайлуулсан юм. 13 Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат нь израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар байна. 14 Зөвхөн Левийн овогт тэрбээр өв өгсөнгүй. ЭЗЭНий айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд өргөсөн галан тахилууд бол тэдний өв юм. Реубений нутаг дэвсгэр 15 Ийнхүү Мосе Реубений хөвгүүдийн овогт тэдний ургийн дагуу өвийг нь өгөв. 16 Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын захад орших Ароер мөн голын хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутаг 17 Хешбон ба тал нутаг дахь түүний бүх хот буюу Дибон, Бамот-баал, Бет-баал-меон, 18 Иахаз, Кедемот, Мефаат, 19 Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар, 20 Бет-пеор, Писгагийн хормой газар, Бет-иешимот зэрэг 21 тал газрын бүх хот ба Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх эзэнт улс байв. Мосе энэ хааныг уг нутагт амьдарч байсан Сихоны ноёд болох Мидианы удирдагчид Еви, Рекем, Зур, Хур, Реба нарын хамт бут цохив. 22 Израилийн хөвгүүд бусад алагдагсдын хамт Беорын хүү мэргэч Балаамыг ч бас илдээр цавчин алав. 23 Реубений хөвгүүдийн хил нь Иорданаар хязгаарлагдаж байлаа. Реубений хөвгүүдийн ургийн дагуух өв нь эдгээр хот тосгод байв. Гадын нутаг дэвсгэр 24 Мосе мөн Гадын овог буюу Гадын хөвгүүдэд ургуудынх нь дагуу өвийг өгөв. 25 Тэдний нутаг дэвсгэр нь Иазер, Гилеадын бүх хот, мөн Раббагийн эсрэг тал дахь Ароерыг хүртэл Аммоны хөвгүүдийн нутгийн хагас, 26 мөн Хешбоноос Рамат-мизпа болон Бетонимыг хүртэл, Маханаимаас Дебирийн хил хүртэл, 27 мөн хөндийд Бет-харам, Бет-нимра, Суккот ба Зафон бас Хешбоны хаан Сихоны хаант улсын Иорданаар хязгаарлагдан үлдсэн хэсгээс Иорданы нөгөө тал буюу зүүн талд Хиннеретийн тэнгис хүртэлх нутаг байлаа. 28 Гадын хөвгүүдийн ургийн дагуух өв нь эдгээр хот болон тэдний тосгод байв. Манассегийн хагас овгийн нутаг дэвсгэр 29 Мосе бас Манассегийн овгийн хагаст буюу Манассегийн хөвгүүдийн овгийн хагаст, ургуудынх нь дагуу өгөв. 30 Тэдний нутаг дэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг оруулаад Башаны хаан Огийн эзэнт улс бүхэлдээ болон Башан дахь Иаирын бүх нүүдлийн тосгод, нийтдээ жаран хот тосгодыг хамарсан байв. 31 Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаант улсын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв. 32 Иорданы цаад талд Иерихогийн зүүнтээд Моабын талд Мосе байхдаа эдгээр нутгийг өв болгон хуваасан юм. 33 Харин Мосе, Леви овогт ямар ч нутгийг өв болгон өгсөнгүй. Түүний амласны дагуу тэдний өв нь Израилийн Бурхан ЭЗЭН Өөрөө байлаа. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)