Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иошуа 10 - Ариун Библи 2013


Нар тогтсон нь

1 Иошуа, Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан.) мөн Гибеоны оршин суугчид Израильтай энхийн гэрээ байгуулж, израильчуудтай нэгдсэнийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод,

2 тэр ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил агуу том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.

3 Иймээс Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт Иерусалимын хаан Адони-зедек хэл хүргүүлэхдээ —

4 Наашаа ирж, Гибеоныг цохиход надад туслагтун. Учир нь тэд Иошуа ба Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоожээ гэв.

5 Тэгтэл Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын таван хаан бүх цэрэгтэйгээ хуран цугларч, Гибеоны ойролцоо байрлан, тэр хотын эсрэг хөдлөв.

6 Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад хэл хүргүүлэхдээ —Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулаар нутагтай аморичуудын бүх хаан бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн дээр даруйхан ирж, биднийг авран туслаач гэв.

7 Тиймээс Иошуа бүх дайчид болон хамаг эрэлхэг хүчит эрчүүдтэйгээ Гилгалаас хөдлөв.

8 Мөн ЭЗЭН, Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.

9 Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув.

10 ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов.

11 Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа.

12 ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв.

13 Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, Бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу?

14 Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм.

15 Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуарандаа буцав.


Таван хаан ялагдав

16 Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав.

17 Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгаа нь Иошуад дуулдахад —

18 Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, хаадыг манах эрчүүдийг гарга гэж хэлэв. —

19 Харин та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.

20 Иошуа ба Израилийн хөвгүүд тэднийг хүйс тэмтэрч, тэдэнд эцсийн хүнд цохилт учруулав. Харин тэднээс зугтан амьд гарсан нь бэхлэлт босгосон хотуудад оров.

21 Бүх хүн Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу амар тайван буцаж ирэв. Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг хэлээ билүүдэх нэг ч хүн байсангүй.

22 Тэгээд Иошуа —Агуйн амыг онгойлгож, таван хааныг агуйгаас гаргаж над уруу авчир гэв.

23 Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны эдгээр таван хааныг гарган түүн дээр авчрав.

24 Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд Иошуа Израилийн бүх эрсийг дуудан, өөртэйгөө хамт явсан цэргийн жанжингуудад —Нааш ирж, энэ хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа.

25 Иошуа тэдэнд —Бүү ай, бүү шантар. Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ.

26 Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа.

27 Нар жаргах үед Иошуаг тушаахад тэднийг модноос буулган авч нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.

28 Мөн тэр өдөр Иошуа Маккедаг илдний ирээр цохиж эзлэн авав. Тэр хотын хааныг болон дотор нь байсан амьтай бүгдийг устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийн үйлдэв.

29 Дараа нь Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Маккедагаас Либна уруу явж, Либнатай байлдав.

30 ЭЗЭН мөн тэр хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон түүн доторх амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн үйлдэв.

31 Тэгээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Либнагаас Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг байлдлаа.

32 ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив.

33 Тэр үед Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч Иошуа түүнийг болон хүмүүсийг нь нэгийг ч зугтаалгалгүйгээр хядав.

34 Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу явж, дэргэд нь буудаллан, түүний эсрэг дайтав.

35 Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгажээ.

36 Ингээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хебронд очиж, түүний эсрэг дайтав.

37 Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч зугтаалгалгүй бүрмөсөн устгав.

38 Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Дебир уруу буцаж, түүний эсрэг дайтав.

39 Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв.

40 Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьтай бүгдийг бүрмөсөн устгав.

41 Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газ хүртэл мөн Гошены бүх нутгийг Гибеон хүртэл цохисон юм.

42 Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул Иошуа тэдгээр бүх хааныг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.

43 Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуарандаа буцлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan