Иохан 21 - Ариун Библи 2013Есүс долоон шавьдаа үзэгдэв 1 Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулав. Тэр Өөрийгөө ингэж харуулжээ. 2 Симон Петр, Ихэр гэгддэг Томас, Галилын Канаагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв. 3 Симон Петр тэдэнд —Би загас барихаар явлаа гэхэд тэд —Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй. 4 Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Есүс гэж таньсангүй. 5 Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт идчих юм байна уу? гэхэд тэд —Алга гэлээ. 6 Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадахааргүй болжээ. 7 Тэгтэл Есүсийн хайртай шавь нь Петрт —Энэ чинь Эзэн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн байна” гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нөмрөгөө бүсэлж, тэнгис уруу үсрэн оров. 8 Харин бусад шавь нар нь эргээс холгүй, хоёр зуу орчим тохой зайтай л байсан тул дүүрэн загастай тороо чирсээр жижиг завиараа ирлээ. 9 Тэд газар дээр гараад, модны нүүрсний гал, дээр нь байх загасыг болон талхыг харав. 10 Есүс тэдэнд —Сая барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. 11 Симон Петр авчирч, нэг зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо газар дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. 12 Есүс тэдэнд —Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас хэн нь ч —Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй. 13 Есүс ирж, талх бас загас тэдэнд өгөв. 14 Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм. Есүс Петр хоёр 15 Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. 16 Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. 17 Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ. 18 Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. 19 Петр ямар үхлээр Бурханыг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс, Петрт —Намайг дага гэлээ. Есүсийн хайртай шавь 20 Петр эргэхдээ, Есүсийн араас хайртай шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан “Эзэн, Таныг барьж өгөх хүн хэн юм бэ?” гэж асууж байсан юм. 21 Петр түүнийг хараад Есүст —Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд 22 Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртэлээ түүнийг байлгая гэж хүссэн ч чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав. 23 Тиймд тэр шавь үхэхгүй нь гэсэн үг ах дүүсийн дунд тарав. Гэвч Есүс тэр хүнийг үхэхгүй гэж түүнд айлдаагүй. Харин зөвхөн “Хэрэв Би ирэх хүртэлээ түүнийг байлгая гэж хүссэн ч [чамд ямар хамаа байна?]” гэсэн билээ. 24 Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн нь энэ шавь юм. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ. 25 Есүсийн үйлдсэн бас өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэгбүрчлэн бичсэн бол бичигдсэн номуудыг нь энэ ертөнц ч багтаахгүй байхсан гэж би боддог. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)