Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иохан 10 - Ариун Библи 2013


Сайн хоньчин Есүс

1 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мөн.

2 Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн.

3 Сахиул түүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана.

4 Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг.

5 Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав.

6 Есүс энэ зүйрлэлээр тэдэнд ярихад Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.

7 Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм.

8 [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй.

9 Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно.

10 Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.

11 Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.

12 Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг.

13 Тэр хөлсний хүн бөгөөд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг.

14 Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ.

15 Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө.

16 Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.

17 Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би амиа буцааж авахын тулд амиа өгнө.

18 Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.

19 Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ.

20 Тэдний олонх нь —Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм байна. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ.

21 Зарим нь —Чөтгөр шүглэгчийн үг энэ биш ээ. Сохрын нүдийг чөтгөр нээж чадах уу? гэж байлаа.


Есүсийг иудейчүүд голсон нь

22 Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв.

23 Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ.

24 Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд

25 Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг.

26 Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй.

27 Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.

28 Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй.

29 Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.

30 Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.

31 Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв.

32 Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд

33 иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.

34 Есүс тэдэнд —Танай хуульд “Бурхад билээ та нар гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү?

35 Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичвэр нь зөрчигдөхгүй),

36 Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж “Бурханыг доромжлогч” гэж та нар хэлж байна уу?

37 Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад бүү итгэ.

38 Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав.

39 Тиймээс тэд дахин Түүнийг барихыг завдсан боловч Есүс тэдний гараас мултрав.

40 Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы нөгөө тал уруу Есүс дахин явж, тэндээ байлаа.

41 Олон хүн Түүнд ирж —Иохан тэмдэг ер үйлдээгүй ч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ.

42 Тэнд олноороо Есүст итгэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan