Илчлэл 3 - Ариун Библи 2013Сардей дахь чуулганд 1 Сардей дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг, чи амьд гэдэг нэртэй ч үхдэл гэдгийг мэднэ. 2 Сэргэг байж, үхэх гэж буй үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Бурханы минь өмнө чиний үйлс гүйцэлдсэнийг Би эс олов. 3 Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийгээ сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт чам дээр очихыг минь чи мэдэхгүй. 4 Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд зохистой учир Надтай хамт цагаан хувцастай алхах болно. 5 Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Эцэгийнхээ өмнө болоод тэнгэрэлч нарынх нь өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө. 6 Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»” Филаделфи дахь чуулганд 7 Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна. 8 «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй. 9 Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ. 10 Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. 11 Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. 12 Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ. 13 Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»” Лаодик дахь чуулганд 14 Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна. 15 «Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. 16 Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана. 17 Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна. 18 Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе. 19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш. 20 Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно. 21 Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно. 22 Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун»” гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)