Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Илчлэл 11 - Ариун Библи 2013


Хоёр гэрч

1 Тэгээд надад таяг мэт саваа өгөөд —Бос. Бурханы сүмийг, тахилын ширээг болон тэнд мөргөгсдийг хэмж.

2 Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно.

3 Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.

4 Тэд бол дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнгийн суурь юм.

5 Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж алагдах ёстой.

6 Өөрсдийнх нь эш үзүүлэх өдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий.

7 Тэднийг гэрчлэлээ төгсгөхөд оёоргүй гүнээс гарч ирэх нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно.

8 Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.

9 Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд цогцсыг нь булшинд тавихыг зөвшөөрөхгүй.

10 Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.

11 Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө.

12 Чанга дуу тэнгэрээс гарч —Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсоод тэд үүлэн дотор тэнгэр өөд одоход дайснууд нь тэднийг харав.

13 Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.

14 Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.


Долоо дахь бүрээдэлт

15 Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.

16 Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд суугч хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөж —

17 Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та аугаа их хүчээ авч, хаанчиллаа.

18 Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, багад шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.

19 Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan