Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иеремиа 50 - Ариун Библи 2013


Вавилоны амсах шүүлт

1 Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.

2 Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”

3 Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!

4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэх болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5 Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.

6 Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, Амрах газраа мартсан билээ.

7 Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Бид буруугүй, Учир нь тэд жинхэнэ Хоньчин, Эзэний эсрэг, Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.

8 Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.

9 Учир нь үзэгтүн, Вавилоны эсрэг агуу үндэстнүүдийн бүлгийг Би умард нутгаас босгон авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамууд зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт болно.

10 Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно. Түүнийг тоногч бүгд ханах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11 “Өв залгамжлалыг минь тоногчид оо, Та нар баяр хөөртэй, баясан байгаа тул Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, Азарганууд мэт янцгаадаг тул,

12 Эх чинь ихэд ичиж, Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана. Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.

13 ЭЗЭНий дургүйцлээс болж Тэрээр оршин суугчтай болохгүй, Харин бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, Бүх шархнаас нь болж шогшрох болно.

14 Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд Тулалдааны шугамаа зурцгаа. Түүнийг харва, ЭЗЭНий эсрэг тэрээр нүгэл үйлдсэн тул Сумаа бүү хямгад.

15 Түүний эсрэг тал бүрд Тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг Түүнд мөн түүнчлэн үйлд.

16 Вавилоноос тариалагчийг, Ургац хураах цагт хадуур баригчийг таст. Хүн нэгбүр нь дарлагчийн илдний өмнөөс Ард түмэндээ буцаж, нутаг уруугаа зугтах болно.

17 Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.

18 Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хааныг мөн газар нутгийг нь шийтгэх гэж байна.

19 Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно.

20 Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21 Мератаим нутгийн эсрэг, түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв. Тэднийг алж, бүрмөсөн устга” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.

22 Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.

23 Бүхий л дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа! Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!

24 Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд Өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа. Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа.”

25 ЭЗЭН зэвсгийн сангаа онгойлгож, Дургүйцлийнхээ зэвсгийг гаргалаа. Халдеичуудын нутагт үйлдэх ажил Түг түмдийн БУРХАН Эзэнд бий.

26 Түүн дээр хамгийн алсын хязгаараас ир. Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган түүнд юуг ч бүү үлдээ.

27 Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.

28 Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Сүмийнх нь төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилон нутгаас Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.

29 Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүнийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг давлиун хандсан.

30 Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж, бүх дайчин нь тэр өдөр чимээгүй болгогдоно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31 “Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Учир нь Надаар шийтгүүлэх цаг, өдөр чинь ирэв.

32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана. Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно.”

33 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ. Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.

34 Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

35 Халдеичуудын эсрэг, Вавилоны оршин суугчдын эсрэг, Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

36 “Худал зөнч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно! Хүчит эрсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!

37 Морьд ба тэрэгнүүдийнх нь Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно! Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.

38 Усан дээр нь ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно! Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд Айдас хүйдэс дотор тэд ухаанаа алдсан.

39 Тиймээс цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна. Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд Тэр газар дахиж оршин суугчтай болохгүй, Эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

40 Бурхан, Содом болон Гоморраг Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг Тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

41 “Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд Агуу их үндэстэн болон олон хаад Дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.

42 Тэд нум, жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд Ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт Тэд жагсан, морьдоо унадаг.

43 Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод, гар нь сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг Зовлон шаналан түүнийг зуурч авав.

44 Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

45 Тиймээс Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.

46 Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan