Иеремиа 49 - Ариун Библи 2013Аммоны амсах шүүлт 1 Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?” 2 ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна. 3 “Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, Таар бүсэлж гашуудан Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй. Учир нь Малкам тахилч нарынхаа хамт, Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно. 4 Чи хөндийнүүдийн тухайд ямар их сайрхана вэ! «Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж Эрдэнэстээ найдагч, итгэлээс эргэгч охин оо, Хөндий чинь урсаж байна. 5 Үзэгтүн, Би эргэн тойрноос чинь Чам дээр айдас авчирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Та нарын хүн нэгбүр Түрүүлгээ харж зайлуулагдан Оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно. 6 Гэхдээ үүний дараа Би Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Едомын амсах шүүлт 7 Едомын талаар. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу? 8 Деданы оршин суугчид аа, зугт, Буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед Дээр нь Есавын гай гамшгийг авчрах болно. 9 Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол Тэд үлдэгдэл үлдээх үү? Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол Тэд хангалттайгаар сүйтгэх байсан. 10 Харин Би Есавыг нүцгэлсэн Тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтол Би нууц газруудыг нь сөхсөн. Үр удмууд нь садан төрөл ба хөршүүдийнхээ хамт Устгагдаж, тэр үгүй болсон. 11 Өнчрөгсдөө ардаа орхи, Би амьд үлдээнэ. Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь Надад итгэж найдаг” хэмээв. 12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал ууна. Чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно. 13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Бүх хотууд нь үүрдийн балгас болно” хэмээв. 14 Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд “Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв. 15 “Учир нь, үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн, Хүн төрөлхтөнд басамжлагдсан нэгэн болгоно. 16 Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 17 Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө шогшрох болно. 18 Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн үеийнх шиг тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй гэж ЭЗЭН айлдаж байна. 19 “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв. 20 Тиймээс, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно. 21 Тэдний уналтын чимээнд газар хөдөлнө. Хашхираан нь Улаан тэнгис дээр сонсогдоно. 22 Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрх төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрх шиг болно. Дамаскийн амсах шүүлт 23 Дамаскийн талаар. “Хамат Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна. 24 Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд Тэвдэлт түүнийг барьж авав. Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав. 25 Баяр баясгалангийн минь хот, Магтаалын хот юунд орхигдоогүй юм бол! 26 Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж, Бүх дайчин тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 27 Би Дамаскийн хана хэрмэнд гал тавих бөгөөд Тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно. Кедар ба Хазорын амсах шүүлт 28 Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Босож, Кедар уруу явж, Дорно зүгийн эрчүүдийг устга. 29 Тэд майхнуудаа болон мал сүргээ авч явна. Тэд өөрсдөдөө майхны хөшигнүүдээ, Бүх ачаагаа болон тэмээнүүдээ Авч явахдаа тэд нэг нэгэндээ «Тал бүрээс түгшүүр!» гэж хашхиралдах болно. 30 Гүй, зугт! Хазорын оршин суугчид аа, Гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Вавилоны хаан Небухаднезар Та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, Та нарын эсрэг арга сэдлээ. 31 Босож, тайван байгаа, Аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүнд ямар ч үүд, хөндөл алга. Зөвхөн тэд л амьдардаг. 32 Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, Үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд Санчигаа хусдаг бүх хүнийг Би бүх салхины зүгт тараана. Би тал бүрээс тэдэнд гай гамшгийг нь авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33 “Хазор цөөвөр чононуудын үүр, Мөнхийн зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, Хүн тэнд оршин суухгүй” хэмээв. Еламын амсах шүүлт 34 Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг. 35 “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг Тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна. 36 Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас Дөрвөн салхийг авчирч, Эдгээр бүх салхинд тэднийг тараана. Еламын цөлөгдөгсдөөс очихгүй үндэстэн гэж байхгүй болно. 37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө, Амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Ширүүн уур хилэнгээ ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ. 38 Дараа нь Би сэнтийгээ Еламд засаж, Тэндээс хааныг болон түшмэдийг устгана» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39 «Харин сүүлчийн өдрүүдэд Би Еламын сайн сайхныг сэргээх болно» хэмээв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)