Иеремиа 46 - Ариун Библи 2013Египетийн амсах шүүлт 1 Эш үзүүлэгч Иеремиад үндэстнүүдийн талаар ЭЗЭНээс ирсэн үг. 2 Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж 3 “Бамбай болон толь бамбайг бэлтгэж, Тулалдаанд орохоор ойртогтун! 4 Морьдоо тэргэнд хөллөн, Мориндоо мордож, Дуулгаа өмсөөд зогс! Жаднуудаа өнгөлөн, хөө хуягаа өмсөгтүн! 5 Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 6 Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг. Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд Тэд бүдэрч, унасан. 7 Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт, Нил мэт босож буй энэ нь хэн бэ? 8 Египет нь Нил мэт, Ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм. Тэрээр “Би босож, нутгийг бүрхэнэ. Би хот болон оршин суугчдыг нь заавал устгана” гэх юм. 9 Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, Морьд оо, өгсөгтүн, Тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт уулгал. Тэд бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут мөн Нум татдаг, авч явдаг лидичүүд юм. 10 Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах Өшөө авалтын тэр өдөр Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, Тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана. 11 Онгон охин Египет ээ, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэл байхгүй. 12 Үндэстнүүд ичгүүрийн чинь талаар сонссон, Дэлхий орилооноор чинь дүүрэн байна. Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, Тэд хоёул хамтдаа доош унав. Египетийг Вавилон цохино 13 Египет нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс айлдсан үг. 14 Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, Мемфис болон Тахпанхест тунхагла. «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй. 15 Хүчит эрчүүд чинь яагаад түрүүлгээ харав? ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй. 16 Тэд дахин дахин бүдэрсэн. Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан. Тэгээд тэд «Бос! Дарлагчийн илднээс зайлж, Хүмүүстээ, төрөлх нутагтаа очицгооё» гэжээ. 17 Тэд тэнд «Египетийн хаан Фараон чанга шуугиан юм. Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ. 18 Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би амьд! Уулсын дундах Табортай адил эсвэл Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг. 19 Тараагдсан Египет охин оо, Ачаа тээшээ цөллөгт бэлд. Учир нь Мемфис зэлүүд газар болно. Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно. 20 Египет бол сайхан охин бяруу, Харин хойд зүгээс шумуул ирж байна, Энэ нь ирж байна! 21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй. 22 Дуу чимээ нь могой адил хөдөлж байна. Учир нь тэд олон цэрэг мэт хөдөлдөг бөгөөд Түүн дээр сүхтэй мод цавчигчид мэт ирдэг. 23 Тэд ой модыг нь цавчив» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд царцаанаас ч илүү олон болоод Тоолшгүй олон боловч Лавтайяа олдохгүй болно. 24 Хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдаж Египет охин ичгүүрт оржээ” хэмээв. 25 Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна. 26 Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түшмэдийнх нь гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Израилийг Бурхан хамгаална 27 “Харин, зарц Иаков минь чиний тухайд, Бүү ай! Бүү зүрх алд, Израиль аа! Учир нь, хараач, Би чамайг холоос, Үр удмыг чинь тэдний олзлолын нутгаас аврах гэж байна. Иаков буцан ирж, Айн цочилгүйгээр амар амгалан, Аюулгүй байх болно. 28 Зарц Иаков минь ээ, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнийг Би бүрэн устгана, Чамайг харин Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд Чамайг шийтгэлгүй яасан ч орхихгүй” гэж айлдаж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)