Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иеремиа 44 - Ариун Библи 2013


Шүтээн дагасан буруутал

1 Египет нутагт амьдарч буй буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй хамаг иудейчүүдийн төлөө Иеремиад ирсэн үг энэ болой.

2 Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. — Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй.

3 Тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад утлага уугиулан үйлчлэхээр явснаараа Намайг уурлуулсан тэдний цөвт муу явдлаас болж ингэжээ.

4 Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.

5 Гэвч тэд өөр бурхдад утлага шатаах тэрхүү хорон муу явдлаасаа эргэхийн төлөө чих ч тавьсангүй, сонссон ч үгүй.

6 Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон.

7 Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. Иудагийн дундаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд ба нялхсыг тасалж, өөрсдийгөө үлдэгсэдгүй орхин юунд өөрсдөдөө үлэмж хор хөнөөл учруулна вэ?

8 Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?

9 Иудагийн нутагт ба Иерусалимын гудамжнуудад үйлдсэн эцэг өвгөдийнхөө цөвт муу явдлыг, Иудагийн хаад ба эхнэрүүдийнх нь цөвт муу явдлыг бас өөрсдийнхөө мөн эхнэрүүдийнхээ цөвт муу явдлыг та нар мартсан уу?

10 Гэвч тэд энэ өдрийг хүртэл номхорсонгүй, эмээсэн ч үгүй, бас та нарын болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон хууль эсвэл зарлигуудаар минь алхсан ч үгүй.

11 Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын дээр гамшгийг авчирахаар, бүх Иудаг эцэс болгохоор шийдсэн.

12 Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно.

13 Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ.

14 Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.

15 Эхнэрүүдээ өөр бурхдад утлага уугиулж байсныг нь мэддэг бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египет нутгийн Патрост амьдарч буй бүх ард түмэн, их чуулган Иеремиад хариулан —

16 ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!

17 Харин ч бид өөрсдөө, эцэг өвгөд маань, хаад ба ноёд маань Иудагийн хотуудад мөн Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд утлага уугиулж, ундаан өргөлүүдийг цутгаж, амнаасаа гаргасан үг бүрээ заавал биелүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.

18 Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан билээ.

19 Бид заавал тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгана. Бид түүний төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгахдаа нөхрүүдээ оролцуулаагүй гэж чи бодоо юу? гэцгээв.

20 Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүнд —

21 Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй мөн бодоогүй гэж үү?

22 Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон.

23 Та нар ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, Түүний хууль, тогтоолууд ба гэрчлэлүүдийнх нь дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.

24 Тэгээд Иеремиа бүх ард түмэнд мөн бүх эмэгтэйчүүдэд —Египет нутагт буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун.

25 Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. “Та нар болон та нарын эхнэрүүд «Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргаа бид заавал биелүүлнэ» гээд та нар амаараа ярьж, гараараа биелүүлэв. Явж, тангарагуудаа баталж, тангарагуудаа заавал биелүүл!”

26 Гэлээ ч ЭЗЭНий үгийг сонсогтун. Египет нутагт амьдарч буй бүх Иудагийхан! “Үзэгтүн, Би аугаа нэрээрээ тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний аманд «Эзэн БУРХАН амьд!» хэмээн нэр минь дахин хэзээ ч дуудагдахгүй.

27 Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно.

28 Илднээс зугтагч хүмүүс Египет нутгаас Иудагийн нутагт цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египет нутагт цагаачлахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд нь хэний үг хүчтэйг, Минийх үү эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.

29 Үгс минь та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

30 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан буюу амийг нь эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу амийг нь эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна” гэж хэлэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan