Иеремиа 42 - Ариун Библи 2013Эс нүүхийг үлдэгсдэд зөвлөв 1 Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд, 2 эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ. 3 Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв. 4 Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. 5 Тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг. 6 Таныг Түүнд илгээж буй бид бүхэн Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ. 7 Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. 8 Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нарыг их, бага бүх хүний хамт дуудаж, 9 тэдэнд —Гуйлтаа өмнө нь тавихын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 10 “Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна. 11 Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. 12 Тэр та нарт өршөөл үзүүлж, та нарыг хөрсөнд чинь сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ. 13 Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сонсохгүйгээр “Бид энэ нутагт амьдрахгүй” гэж хэлсээр, 14 ингэхдээ “Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаар ч өлсөхгүй бөгөөд тэнд бид амьдрах болно” гэвэл 15 Иудагийн үлдэгсэд ээ, тэгвэл ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд цагаачлахаар шийдвэл, 16 та нарын айж буй илд та нарыг тэнд Египет нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд үхнэ. 17 Египет уруу явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй” хэмээв. 18 Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв. 19 Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет уруу бүү яв!” гэж айлдав. Өнөөдөр би та нарт анхааруулсан гэдгийг мэдэгтүн. 20 Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ. 21 Ингээд би та нарт өнөөдөр мэдүүлсэн боловч та нарт хэл хэмээн намайг илгээсэн Түүний юун дээр нь ч та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагасангүй. 22 Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)