Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иеремиа 39 - Ариун Библи 2013


Иерусалимын уналт

1 Иудагийн хаан Зедекиагийн есдүгээр оны аравдугаар сард Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэрэг нь Иерусалимын эсрэг ирж, түүнийг бүслэв.

2 Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

3 Тэгэхэд Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны хамаг үлдсэн түшмэд орж ирэн Дунд дааман хаалганы дэргэд сууцгаав.

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав.

5 Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов.

6 Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав.

7 Тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг Вавилонд аваачихаар хүрэл дөнгөөр дөнгөлжээ.

8 Халдеичууд мөн хааны өргөө болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.

9 Хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн уруу оргосон хүмүүстэй мөн үлдсэн бусад хүмүүстэй хамт ахлах хамгаалагч Небузарадан, Вавилон уруу цөллөгт аваачив.

10 Харин юу ч үгүй хамгийн ядуу зарим хүн ахлах хамгаалагч Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр өдөр усан үзмийн ба тариалангийн талбайнуудыг өгөв.


Иеремиаг суллав

11 Вавилоны хаан Небухаднезар ахлах хамгаалагч Небузараданы гараар Иеремиагийн талаар тушаал буулгахдаа —

12 Түүнийг аваад асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэр чамд юу гэж хэлсний дагуу түүнд үйлд гэв.

13 Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх удирдагчид хүн илгээв.

14 Тэд илгээж, харуулын хашаанаас Иеремиаг гарган авав. Тэд түүнийг гэрт нь аваачуулахаар Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. Ингэж тэрээр хүмүүсийн дунд үлджээ.

15 Иеремиаг харуулын хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж,

16 “Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно.

17 Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй.

18 Учир нь Би чамайг заавал аварна. Чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэж найдсан тул амиа олз болгон авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan