Иеремиа 37 - Ариун Библи 2013Зедекиагийн хоосон найдвар 1 Вавилоны хаан Небухаднезараас Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болов. 2 Харин тэр ч, зарц нар нь ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй. 3 Тэгээд Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг эш үзүүлэгч Иеремиа уруу явуулан “Бидний төлөө бидний Бурхан ЭЗЭНд залбирна уу” гэж хэлүүлэв. 4 Тэд түүнийг хорионы гэрт хийгээгүй байсан учир Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байлаа. 5 Тэгтэл Фараоны цэрэг Египетээс гарчээ. Иерусалимыг бүслэн байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас холдон одов. 6 Тэгтэл эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий үг ирж 7 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдахдаа «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи “Үзэгтүн, та нарт туслахаар гарч ирсэн Фараоны цэрэг Египет нутагтаа буцах гэж байна. 8 Халдеичууд эргэн ирж, энэ хотын эсрэг тулалдаж, үүнийг эзлэн аваад, галдан шатаана” гэж хэлэгтүн» хэмээв.” 9 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар “Халдеичууд биднээс лавтайяа холдоно” гэцгээн өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэд холдохгүй. 10 Та нарын эсрэг тулалдаж буй халдеичуудын бүхий л цэргийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс майхан майхандаа үлдлээ ч тэдний хүн бүр нь босож, энэ хотыг галдан шатаах л болно” гэлээ хэмээв. Иеремиа хоригдов 11 Ингээд халдеичуудын цэрэг Фараоны цэргээс болж Иерусалимаас холдон одоход, 12 Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд хувиа эзэмшихийн тулд явав. 13 Түүнийг Бениамины гулдан хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү Ирийа хэмээх нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр —Чи халдеичууд уруу оргоод явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав. 14 Тэгэхэд Иеремиа —Худлаа! Би халдеичууд уруу оргоогүй гэв. Харин тэр түүнийг сонссонгүй. Ингээд Ирийа, Иеремиаг баривчлаад, түүнийг түшмэд дээр аваачив. 15 Тэгтэл түшмэд Иеремиад хилэгнэж, түүнийг зодож жанчин, гяндан болгосон, гүүш Ионатаны гэрт түүнийг хорионд хийв. 16 Тэгээд Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв. 17 Зедекиа хаан түүнийг гаргахаар хүн явуулав. Хаан өргөөндөө түүнээс нууцаар асууж —ЭЗЭНээс үг байна уу? гэхэд Иеремиа —Байна! гээд тэрээр —Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв. 18 Иеремиа мөн Зедекиа хаанд —Би таны эсрэг, зарц нарын чинь эсвэл энэ ард түмний чинь эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж та намайг шоронд оруулав? 19 Тэгвэл танд “Вавилоны хаан чиний эсрэг мөн энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна? 20 Тиймээс хаан эзэн минь, сонсогтун. Гуйлтыг минь өмнөө аваач, намайг тэнд үхүүлэхгүйн тулд гүүш Ионатаны гэрт бүү буцаагаач гэж хэлэв. 21 Дараа нь Зедекиа хаан тушаасанд, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр бүр бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлджээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)