Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иеремиа 1 - Ариун Библи 2013

1 Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс.

2 ЭЗЭНий үгс түүнд Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гуравдугаар онд иржээ.

3 Мөн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үеэс Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэгдүгээр оны эцэс буюу Иерусалимынхан цөлөгдсөн тавдугаар сард хүртэл энэ нь ирсэн юм.


Иеремиагийн дуудлага ба үүрэг

4 Ийнхүү ЭЗЭНий үг над уруу ирж

5 «Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд

6 Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.

7 Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно.

8 Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна.

9 Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.

10 Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр Энэ өдөр Би чамайг тавьсан нь Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх, Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.

11 ЭЗЭНий үг над дээр ирж —Иеремиа, чамд юу харагдаж байна вэ? гэхэд би —Гүйлс модон таяг харж байна гэв.

12 Тэгтэл ЭЗЭН надад —Чи сайн харлаа. Учир нь үг минь биелэхийг Би харж байна гэв.

13 ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж —Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би —Буцалж буй тогоо хойд зүгээс над уруу хэлтийсэн харагдана гэв.

14 Тэгтэл ЭЗЭН, надад —Газар нутгийн бүх оршин суугч дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.

15 Учир нь, харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургийг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын гулдан хаалгануудын үүдэнд, хэрмийнх нь харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.

16 Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, гарынхаа бүтээлд мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би шүүлтээ тэдний дээр тунхаглах болно.

17 Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.

18 Үзэгтүн, Би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр багана ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмэн үүнийг харна.

19 Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan