Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Гэтлэл 4 - Ариун Библи 2013


Мосегийн гайхамшигт тэмдэг

1 Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв.

2 Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд

3 Тэр —Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав.

4 Харин ЭЗЭН, Мосед —Гараа сунган түүнийг сүүлнээс нь барь гэлээ. Тэрээр гараа сунган барихад могой гарт нь таяг болов. —

5 Энэ нь тэдний эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.

6 Тэгээд ЭЗЭН цааш нь түүнд —Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв.

7 ЭЗЭН —Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд, өврөөсөө гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь бие махбод шиг нь эрүүл болсон байлаа. —

8 Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойд итгэж болох юм.

9 Харин тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, үгийг чинь сонсохгүй бол чи Нилээс ус авч хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв.

10 Мосе, ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам хойрго гэж хариулав.

11 ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?

12 Тиймээс одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана гэв.

13 Харин тэр —Өө Эзэн, Та өөр хэн нэгнийг явуулаач! гэв.

14 Тэгтэл ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч —Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлах болно.

15 Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана.

16 Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр амыг чинь орлоно. Чи түүнд Бурхан шиг байна.

17 Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.


Мосе Египетэд эргэж очсон нь

18 Тэгээд Мосе тэндээс холдон, хадам эцэг Иетрогийнд буцаж очоод, түүнд —Би Египетэд байгаа ах дүү нар дээрээ буцаж очоод тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро, Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв.

19 Мидианд ЭЗЭН, Мосед —Египет уруу буцаж оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав.

20 Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг уруу буцаж явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.

21 ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.

22 Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН «Миний ууган хөвгүүн бол Израиль.

23 Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.

24 Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв.

25 Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ тээрхийн арьсыг танаад Мосегийн хөлд хаяж —Чи үнэхээр миний цуст хань гэж хэлэв.

26 Тэгэхэд Тэр, Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цуст хань мөн” гэж хэлсэн нь хозлолоос болсон юм.

27 ЭЗЭН, Ааронд —Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаад түүнийг үнсэв.

28 Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгийг Ааронд уламжилжээ.

29 Мосе Аарон нар хамт явж, Израилийн хөвгүүдийн хамаг ахмадуудыг цуглуулаад,

30 Мосед айлдсан ЭЗЭНий бүх үгийг Аарон ярьжээ. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлэв.

31 Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan