Гэтлэл 13 - Ариун Библи 20131 ЭЗЭН, Мосед — 2 Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав. Исгээгүй талхны баяр 3 Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. 4 Абиб сарын энэ өдөр та нар гарсан. 5 Та нарт өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан тэр газар буюу канаан, хит, амори, хиви, иебусчуудын нутаг, сүү бал урссан газартаа ЭЗЭН та нарыг аваачих үед та нар уг сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой. 6 Долоон өдрийн турш та нар исгээгүй талх идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн. 7 Долоон өдрийн турш исгээгүй талх идэж, өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор та нар исгэх хөрөнгийг бүү байлга. 8 Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. 9 Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. 10 Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь. Уугануудыг зориулах нь 11 ЭЗЭН чамд болон эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутагт аваачин тэр газрыг чамд өгөх үед 12 чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм. 13 Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун! Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чиний хөвгүүд дундах ууган үр бүрийг чи золих ёстой. 14 Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан. 15 Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа хэвлийг анх нээгчдийг, хүний ууганаас авахуулаад малын ууган бүрийг хүртэл ЭЗЭН үхүүлсэн. Тиймээс би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл. 16 Үүнийг гартаа тэмдэг болгон нүднийхээ хооронд сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв. Үүл ба галан багана 17 Фараон ард түмнийг явуулахад, филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайн үзвэл санаа урваж, Египет уруу буцах вий гэж айлджээ. 18 Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египет газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа. 19 Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм. 20 Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав. 21 ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр ч, шөнө ч явж болохоор тэдний өмнө явж байлаа. 22 Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс холдсонгүй. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)