Езра 4 - Ариун Библи 2013Сэргээн босголтод саад тулгарав 1 Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод, 2 Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд —Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв. 3 Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барих нь биднийх болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв. 4 Тэгэхэд тэр нутгийн ард түмэн Иудагийн хүмүүсийн гарыг сулруулж, цаашид барихад нь айлгаж байв. 5 Тэд Персийн Кореш хааны бүх өдөрт Персийн хаан Дариусын хаанчлал хүртэл тэдний төлөвлөгөөг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ. Иерусалимыг сэргээхийг эсэргүүцэв 6 Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг заргын бичиг бичив. 7 Артаксерксийн өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг арам хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно. 8 Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захиаг бичив. 9 Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд, 10 бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив гэв. 11 Тэдний түүнд илгээсэн захианы энэ хуулбарт “Артаксеркс хаанд таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүс илгээв. 12 Эдүгээ танаас бидэн уруу ирсэн иудейчүүд Иерусалим уруу явсан. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй! 13 Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах аваас тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй! 14 Бид ордны давсыг хүртдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохино. Тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдэгдэж байна. 15 Ингэх нь таны эцэг өвгөдийн тоймын номуудад нягтлал хийгдэг гэснийх юм. Тэгээд та тоймын номуудаас тэр хот тэрслүү хаад болон улс орнуудад хохирол учруулж байсан ба тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод өдөөн хатгалга учруулж байсан гэдгийг олж мэдэх болно. Тиймээс энэ хот устгагдсан билээ. 16 Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үүнээс үүдэн та Евфрат мөрний тэртээх аймагт ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэжээ. 17 Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх бусад нутагт амьдардаг тэдний бусад хамтрагчдад хаан амар тайвны мэндтэй хариу илгээж, 18 “Та нарын бидэнд илгээсэн захидлыг би үг бүрчлэн уншлаа. 19 Би бошиг зарлиг гаргаж, судлуулсанд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд тэр хотод өдөөн хатгалга болж байсан гэдэг нь олдов. 20 Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв. 21 Тиймээс одоо тэр хүмүүсийг болиулах бошиг зарлиг өг! Намайг бошиг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй. 22 Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайш яйш хандахаас болгоомжил. Хаадад учирч болох хор хохирлыг ихэсгэх хэрэг юу байна?” гэжээ. 23 Тэгээд Артаксеркс хааны бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим дахь иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр болиулав. 24 Тэр үед Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)