Эхлэл 48 - Ариун Библи 2013Иосефын хөвгүүдийг Иаков ерөөв 1 Түүнээс хойно нэгэн хүн, Иосефт —Харагтун, эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив. — 2 Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт мэдэгдэхэд Израиль өөрийгөө хүчлэн орон дээрээ өндийж суув. 3 Иаков, Иосефт —Төгс Хүчит Бурхан, Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, намайг ерөөсөн билээ. 4 Тэрээр надад “Харагтун, Би чамайг үржүүлж, олшруулах болно. Би үй олон ард түмнийг чамаас бий болгож, энэ газрыг чиний үр удамд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн. 5 Намайг Египетэд чам дээр ирэхийн өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно. 6 Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно. 7 Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем.) 8 Иосефын хөвгүүдийг Израиль хараад —Эд нар чинь хэн бэ? гэсэнд 9 Иосеф —Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь —Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ. 10 Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ эцэгтээ авчрахад тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв. 11 Тэгээд Иосефт —Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл харагтун, Бурхан чиний үр удмыг ч бас надад харууллаа гэв. 12 Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ авч, газарт сөгдөн мөргөв. 13 Иосеф хоёр хүүгээ аваад, Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд, Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган эцэгтээ авчрав. 14 Израиль баруун гараа сунган бага хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүү нь боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ. 15 Тэрээр Иосефыг ерөөгөөд —Миний өвөг эцэг Абрахам, Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан, Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан, 16 Намайг элдэв гай зовлонгоос зольсон тэнгэрэлч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж Газар дэлхий дээр өнөр өтгөн болох болтугай! гэв. 17 Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв. 18 Тэгээд эцэгтээ —Энэ биш ээ, эцэг минь! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд 19 эцэг нь татгалзаж —Би мэдэж байна, хүү минь, би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж, агуу их болно. Гэсэн ч дүү нь түүнээс ч илүү агуу их болж, үр удам нь олон үндэстэн болно гэж хэлэв. 20 Тэгээд тэр өдөртөө тэднийг ерөөгөөд —Израильчууд та нарын нэрийг барьж “Бурхан та нарыг Ефраим шиг Манассе шиг болгох болтугай!” хэмээн ерөөх болно гээд Ефраимыг Манассегаас дээгүүр тавив. 21 Израиль, Иосефт —Харагтун, үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн чинь газарт буцаах болно. 22 Би чамд ах нарт чинь өгснөөсөө илүү нэг хувийг өгнө. Үүнийг би аморичуудаас илд, нумаараа булаан авсан юм гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)