Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Эхлэл 34 - Ариун Библи 2013


Динаг хүчирхийлсэн нь

1 Иаковт Леагийн төрүүлж өгсөн Дина охин тэр нутгийн бүсгүйчүүдийг харахаар гадагш гарчээ.

2 Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав.

3 Иаковын охин Динад тэр үнэн голоосоо татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив. —

4 Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа.

5 Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч хүүхдүүд нь хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байлаа.

6 Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ.

7 Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Иаковын охиныг Шехем хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.

8 Хамор тэдэнтэй ярилцан —Миний хүү Шехем танай охинд үнэн голоосоо татагдсан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч.

9 Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа.

10 Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв.

11 Шехем, Динагийн эцэг болон ах нарт нь хандаж —Та нарын нүдэнд би таалал олох болтугай. Та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье.

12 Охиныхоо инж болон бэлгийг хичнээн их хэлсэн ч та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв.

13 Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ.

14 Иаковын хөвгүүд тэдэнд —Бид ингэж болохгүй. Тээрхийн арьстайгаа байгаа хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.

15 Харин ийм нэг болзлыг хангавал бид та нарт зөвшөөрнө. Хэрэв танай эрчүүд бүгд хозлуулж, бидэнтэй адил болбол

16 бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно.

17 Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хозлуулахгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.

18 Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ.

19 Тэр залуу Иаковын охинд дурласан бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь учир үүнийг биелүүлэхийг хойшлуулсангүй.

20 Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан —

21 Эдгээр хүмүүс бидэнтэй найрсаг байна. Тэднийг энд суулгаж, худалдаа хийлгэе. Энэ газар өргөн уудам учир тэдэнд хүрэлцээтэй. Тэдний охидыг бид эхнэр болгон авч бас тэдэнд охидоо өгцгөөе.

22 Манайхны бүх эрчүүд тэдний хозлуулдаг шиг хозлуулсан нөхцөлд л тэр хүмүүс бидэнтэй хамт аж төрж, нэг үндэстэн болохыг зөвшөөрнө.

23 Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв.

24 Хотын хаалганд гарч ирсэн бүх хүн Хамор болон түүний хүү Шехемийн үгийг сонсоод тэр хотын хаалгаар гарч ирсэн бүх эрс хозлуулжээ.


Динагийн ах нар өшөө авав

25 Гурван өдрийн дараа тэднийг хөндүүрлэн байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон Леви хоёр сэлмээ авцгааж, ажиг сэжиггүй байгаа хотыг довтлон хамаг эрчүүдийг нь алжээ.

26 Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов.

27 Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.

28 Тэдний хонь, үхэр, илжиг бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь тэд булаан авав.

29 Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ.

30 Иаков, Симеон Леви хоёрт —Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад лай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв.

31 Харин тэд —Тэрээр охин дүүд минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү? хэмээжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan