Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Эхлэл 29 - Ариун Библи 2013


Иаков Рахелтай уулзав

1 Иаков босож яваад, дорнынхны нутагт хүрчээ.

2 Түүний хартал, үзэгтүн, талд нэгэн худаг бас дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг аж. Худгийнхаа амыг чулуугаар дараад,

3 бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж хонио услаад дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.

4 Иаков тэдэнд —Ах дүү нар минь, нутаг хаана вэ? гэж асуусанд тэд —Бид Хараных гэжээ.

5 Иаков тэднээс —Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд —Бид танина гэв.

6 Иаков тэдэнд —Тэр сайн уу? гэсэнд тэд —Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.

7 Иаков —Харагтун, өдөр яагаа ч үгүй байна. Мал сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэлээ.

8 Тэд —Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулсны дараа бид хонио усалдаг тул одоо чадахгүй гэв.

9 Иаковыг тэдэнтэй ярьж байхад Рахел эцгийнхээ хонийг тууж ирлээ. Тэрээр хоньчин байжээ.

10 Иаков, нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулаад нагац ах Лабаныхаа хонин сүргийг услав.

11 Тэгээд Иаков Рахелыг үнсээд чанга дуугаар уйлан,

12 Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү болохоо мэдүүлтэл тэрээр гүйн очиж эцэгтээ мэдүүлэв.

13 Тэгтэл Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай мэдээг сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн үнсээд гэртээ дагуулан оров. Иаков бүх зүйлээ Лабанд ярьжээ.

14 Лабан түүнд —Чи бол яах аргагүй миний яс махны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.


Лабаны охидтой Иаков гэрлэсэн нь

15 Лабан, Иаковт —Чи миний дүү гээд надад зүгээр л зарагдах гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч гэв.

16 Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел.

17 Леа хараа муутай, харин Рахел нь нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй ажээ.

18 Иаков Рахелд дурласан тул —Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд

19 Лабан —Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.

20 Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарцлагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт байв.

21 Иаков Лабанд —Миний зарцлагдах хугацаа дууссан учир Би түүн дээр оръё. Эхнэрийг минь өгөгтүн! гэв.

22 Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ.

23 Үдэш нь Лабан тэнд охин Леагаа авчирсанд Иаков түүн дээр оржээ.

24 Лабан зарц бүсгүй Зилпагаа охин Леадаа шивэгчин болгон өгчээ.

25 Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд

26 Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.

27 Ёсолсонтойгоо долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэв.

28 Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахелаа ч эхнэр болгон өгчээ.

29 Лабан зарц бүсгүй Билхагаа охин Рахелдаа шивэгчнээр өглөө.

30 Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

31 Леа хайр хүртээгүйг ЭЗЭН үзээд Леагийн умайг нээв. Харин Рахел нь хүүсэр байжээ.

32 Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.

33 Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлээд —Хайр хүртээгүйг минь ЭЗЭН сонсоод надад энэ хүүг бас өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.

34 Тэр бас жирэмсэлж дахин хүү төрүүлээд —Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надтай холбогдох болно гээд түүнийгээ Леви гэжээ.

35 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan