Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Ефес 5 - Ариун Библи 2013

1 Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай.

2 Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.


Булай замаас татгалзах нь

3 Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг.

4 Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө.

5 Садарлагч, бузрыг үйлдэгч, шунахайрагч тухайлбал шүтээн шүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд.

6 Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.

7 Иймд тэдний хамсаатан бүү бай.

8 Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.

9 Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.

10 Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол.

11 Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.

12 Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.

13 Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.

14 Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.

15 Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай.

16 Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.

17 Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.

18 Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ

19 дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож,

20 Бурхан ба Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө.


Христэч гэр бүл

21 Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд.

22 Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд.

23 Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн.

24 Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд.

25 Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.

26 Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад

27 түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ.

28 Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг.

29 Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг.

30 Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм.

31 “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.”

32 Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна.

33 Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan