Дуулал 98 - Ариун Библи 2013Дэлхийг шүүх Түүнийг магтъя Дуулал. 1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун, Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн. 2 ЭЗЭН авралаа мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Зөвт байдлаа илчилсэн. 3 Тэрээр Израилийн гэрт хандсан Энэрэл хайр ба үнэн юугаа санасан. Дэлхийн зах хязгаар бүхэн Бурханы маань авралыг үзэв. 4 Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун! Дуу гарган баярлан дуулж, магтан дуулагтун! 5 Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун! 6 Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун! 7 Далай болон түүний доторх бүх юмс, Ертөнц болон түүн дээр оршигч бүхэн нүргэлэг! 8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүд алга ташин Уул нурууд баярлан дуулаг, 9 Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөвтөөр, Ард түмнийг чигч шударгаар шүүх болно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)