Дуулал 75 - Ариун Библи 2013Бурханы гайхамшигт үйлсэд талархахуй Удирдаачид: Бүү устгаач аялгуунд. Асафын дуулал. Дуу. 1 Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна Учир нь Таны нэр ойрхон Таны гайхамшигт үйлс тунхаглагдаж байна. 2 Би тогтоосон цагийг сонгохдоо Чигч шударгаар шүүх билээ. 3 Дэлхий болон тэнд оршин суугч Бүгд ганхана. Баганануудыг нь Би Бат тогтоожээ. Села 4 Бардамнагчдад Би “Бүү бардамна” Буруутуудад “Эврээ бүү өргө. 5 Эврээ өндөрт бүү өргө. Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв. 6 Учир нь өргөмжлөл Дорноос ч үгүй, өрнөөс ч үгүй, Цөлөөс ч үл ирнэ. 7 Харин Бурхан Шүүгч бөгөөд Нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилнө. 8 Сайн хутгасан бөгөөд хөөсөрч буй дарстай аяга ЭЗЭНий мутарт байна. Тэрээр түүний дотроос цутгаж байна. Дэлхийн бүх гэм буруутнууд Шавхрууг нь шавхан уух болой. 9 Харин би мөнхөд тунхаглана. Иаковын Бурханд би магтан дуулна. 10 Буруутын бүх эвэр таслагдана Зөвтийн эврүүд өндөрт өргөгдөнө. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)