Дуулал 64 - Ариун Библи 2013Хамгаалалтын залбирал Удирдаачид: Давидын дуулал. 1 Бурхан, гомдлын минь дууг сонсооч Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач! 2 Намайг муу хүмүүсийн нууц чуулал, Ёс бусыг үйлдэгчдийн Үймээн шуугианаас нуугаач! 3 Хэл юугаа илд мэт ирлэсэн нь Хорон үгсээ сум мэт тэд онилсон нь 4 Өөлөх өөгүйг далдхан газраас харвахын тулд юм. Тэд түүнийг гэнэтхэн харваад эмээх ч үгүй. 5 Тэд ёрын зүйлдээ биенээ өөгшүүлэн Нууцаар урхи тавих тухай ярилцана. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ. 6 “Гүйцэд боловсруулсан хуйвалдааныг Бид дуусгалаа” гэж хэлэн Муу хэргийг тэд сэднэ. Учир нь хүний доторх бодол Зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ. 7 Харин Бурхан тэднийг сумаар харван Тэд гэнэтхэн шархадна 8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг болно. Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ. 9 Тэгээд бүх хүн эмээж, Бурханы ажлыг тунхаглан Үйлдсэнийг нь тунгаан бодох болно. 10 Зөвт хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно. Зүрх шударга бүхэн бахархан бахдана. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)