Дуулал 20 - Ариун Библи 2013Ялалтын залбирал Удирдаачид. Давидын дуулал. 1 Зовлон шаналангийн өдөр ЭЗЭН чамд хариулаг! Иаковын Бурханы нэр Чамайг хамгаалаг! 2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж, Сионоос чамайг түших болтугай! 3 Тэрээр бүх идээн өргөлийг чинь санаж, Шатаалт тахилыг чинь хүлээн авах болтугай! Села 4 Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж, Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай! 5 Бид ялалтад чинь баярлан дуулж, Бурханыхаа нэрээр бид тугаа мандуулах болно. ЭЗЭН бүх гуйлтыг чинь Биелүүлэх болтугай! 6 ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг Одоо би мэднэ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр, Ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно. 7 Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно. 8 Тэд бөхийн унацгаасан, Харин бид босоцгоож, Цэх шулуун зогсоцгоосон. 9 ЭЗЭН, авраач! Бидний дуудах өдөр Хаан бидэнд хариулах болтугай! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)