Дуулал 141 - Ариун Библи 2013Муугаас сэрэмжлэхүйн залбирал Давидын дуулал. 1 Аяа ЭЗЭН, би Таныг дуудаж байна. Над уруу хурдан ирээч! Таныг би дуудаж байх үед Дуу хоолойд минь чих тавиач! 2 Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг. 3 Аяа ЭЗЭН, аманд минь манаач тавьж, Уруулын минь хаалгыг хамгаалаач! 4 Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн хамт Гэмт буруу үйлсийг үйлдэхээр Аливаа ёрын зүйлсэд Зүрхийг минь бүү эргүүлээч! Тэдний амттануудаас надад бүү идүүлээч! 5 Зөвт нэгэн намайг цохиг. Тэр нь хайр энэрэл билээ. Намайг зэмлэг. Тэр нь шилмэл тос билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач! Учир нь залбирал минь Тэдний ёрын муугийн эсрэг юм. 6 Шүүгчид нь хадны хажуу уруу шидэгдэхдээ Миний үг амттай учраас Тэд түүнийг сонсох болно. 7 Хэн нэгэн нь газар хөрсийг хагалж, борнойдох адил Яснууд маань Үхэгсдийн орны хаалган дээр тараагджээ. 8 Аяа БУРХАН Эзэн, Нүд минь Тан уруу чиглэнэ. Тан дотор би хоргодно. Сэтгэлийг минь хамгаалалтгүй бүү орхиоч. 9 Надад тавьсан урхи торноос нь Мөн ёс бусыг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач! 10 Намайг өнгөрөн одтол Буруутыг өөрийнх нь торонд унагаач! |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)