Дуулал 112 - Ариун Библи 2013Зөвтийн ерөөл 1 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Тушаалуудад нь ихэд баярладаг хүн Юутай ерөөлтэй! 2 Үр удам нь дэлхий дээр хүчтэй болно. Чигч шударгын хойч үеийнхэн ерөөгдөнө. 3 Гэрт нь хөрөнгө баялгууд байна. Зөвт байдал нь мөнхөд тогтоно. 4 Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт Чигч шударга хүмүүсийн төлөө Харанхуйд гэрэл цацарна. 5 Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байна. Тэрээр шүүхэд хэргээ батлах болно. 6 Тэрээр хэзээ ч ганхахгүй. Зөвт хүн мөнхөд дурсагдах болно. 7 Тэрээр муу мэдээнээс айхгүй. ЭЗЭНд итгэн түүний зүрх бат болой. 8 Зүрх нь гуйвшгүй. Тэрээр өстнүүдээ харахдаа ч хүртэл айхгүй. 9 Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд байна. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө. 10 Гэм буруутан хараад унтууцна. Тэрээр шүдээ хавиран устаж үгүй болно. Гэм буруутнуудын шунал тийнхүү сөнөнө. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)