Дуулал 101 - Ариун Библи 2013Шударга ёсыг хүсэмжлэхүй Давидын дуулал. 1 Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна, Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна. 2 Би гэм зэмгүйн замаар явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно. 3 Би нүднийхээ өмнө Үл бүтэх ямар ч юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй. 4 Зальхай зүрх надаас дайжин Ёрын мууг би мэдэхгүй болно. 5 Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй. 6 Өөртэйгөө хамт суулгахаар Нүд минь энэ нутгийн үнэнч хүмүүсийг ажиглана. Гэм зэмгүй замаар явагч нь Надад үйлчилж болно. 7 Хууран мэхлэгч нэгэн Гэрт минь эс сууна. Худал яригч нь Хараанд минь үл тогтоно. 8 Ёс бусыг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулд Өглөө бүр би энэ газар нутгийн Бүх буруутыг устгана. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)