Дэд хууль 9 - Ариун Библи 2013ЭЗЭНд тэрслэхийн уршиг ( Гэт 32:1–35 ) 1 Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна. 2 Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, гэдгийг чи мэднэ. Тэдний тухай “Анак хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?” гэж хэлэлцдэгийг та нар сонссон. 3 Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь чиний өмнө дүрэлзэж байгаа гал шиг гатлан явж, тэднийг бут цохин чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм. 4 ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “Миний зөвт байдлаас болж ЭЗЭН энэ газар нутгийг эзэмшүүлэхээр намайг авчирсан” гэж зүрхэндээ бүү бод. Харин энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм. 5 Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм. 6 ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи хөшүүн хүзүүтэй ард түмэн юм. 7 Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв! Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан. 8 Тэр ч байтугай та нар Хореб ууланд ЭЗЭНий уур хилэнг өдөөснөөс болж ЭЗЭН та нарт ихэд хилэгнэж, та нарыг устгах гэсэн билээ. 9 Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй. 10 Бурханы хуруугаар бичигдсэн хоёр чулуун хавтанг ЭЗЭН надад өгсөн. Хуран чуулсан тэр өдөр уулын орой дээр галын дундаас та нарт хандаж ЭЗЭНий айлдсан бүх үг тэдгээр хавтан дээр байсан. 11 Тэрхүү дөчин өдөр, дөчин шөнийн эцэст ЭЗЭН надад хоёр чулуун хавтан, гэрээний хавтанг өгсөн. 12 Дараа нь ЭЗЭН надад “Чи босож, эндээс даруй буу. Учир нь Египетээс чиний гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд даруй буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн. 13 ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа, үзэгтүн, тэд хөшүүн хүзүүтэй ард түмэн байна. 14 Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, нэрийг нь тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн. 15 Намайг буцаж уулнаас буухад, ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан хоёр гарт минь байв. 16 Үнэхээр, ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг чинь би харсан. Та нар өөрсдөдөө цутгамал тугал бүтээсэн. Та нар ЭЗЭНий тушаасан замаас даруй буцсан учир 17 би өнөөх хоёр хавтанг гартаа авч, та нарын нүдний өмнө шидэж хагалан буталсан билээ. 18 Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй нь та нар ЭЗЭНий мэлмийд ёрын муу зүйлийг хийж, Түүний уур хилэнг өдөөсөн бүх нүглийн чинь учир билээ. 19 ЭЗЭН та нарт хилэгнэж, та нарыг устгах гэсэн уур, хилэнгээс би айсан юм. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон. 20 ЭЗЭН, Ааронд ихэд хилэгнэж, түүнийг хөнөөх гэв. Би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан. 21 Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь буталж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан. 22 Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн. 23 ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа, “Та нар явж, та нарт Миний өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг тэрслээд Түүнд итгэсэнгүй, Түүний үгийг ч сонссонгүй. 24 Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн. 25 Та нарыг устгана гэж ЭЗЭН айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ. 26 Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн, Өөрийн өвийг битгий устгаач! 27 Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач! Энэ ард түмний зөрүүд зан, гэм буруу, нүглийг нь бүү хараач! 28 Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэднийг амласан газартаа аваачих чадалгүй бөгөөд Тэр тэднийг үзэн ядсан учраас тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно. 29 Тэд Таны аугаа их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)