Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дэд хууль 7 - Ариун Библи 2013


Сонгогдсон ард түмэн
( Гэт 34:11–16 )

1 ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,

2 ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.

3 Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч хөвгүүнд нь бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго.

4 Тэрээр хүүг чинь Намайг дагахаас эргүүлж, тэд өөр бурхдад үйлчилж мэднэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.

5 Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.

6 Чи Бурхан ЭЗЭНдээ ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс чамайг Өөрийнхөө өмчийн ард түмэн болгон сонгосон билээ.

7 Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш. Та нар бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.

8 Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ.

9 Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.

10 Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэрээр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.

11 Тиймээс даган мөрд хэмээн өнөөдөр та нарт миний тушааж байгаа тушаал, зарлиг, шийдвэрүүдийг сахь.


Дуулгаврын ерөөл
( Дх 28:1–14 )

12 Хэрэв та нар энэ бүх хууль цаазыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ Бурхан ЭЗЭН чинь сахиж, чамд хайр энэрэлээ хүртээх болно.

13 Тэрээр чамайг хайрлаж, ивээж, чамайг олон болгоно. Чамд өвлүүлэн өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод, бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.

14 Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нар дунд, мал сүрэг дунд чинь ч үр үржилгүй, хүүсэр сувай гэж үгүй болно.

15 ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэр та нарын мэддэг Египетийн аюул хөнөөлт өвчнүүдийг чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.

16 Бурхан ЭЗЭНээс чинь чамд тушаах бүх ард түмнийг чи устгах ёстой. Чамд урхи болох тул чи тэднийг бүү өрөвд бас тэдний бурхдад бүү зарагд.

17 “Энэ үндэстнүүд надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?” гэж чи зүрхэндээ хэлж магадгүй.

18 Гэвч чи тэднээс бүү ай! Бурхан ЭЗЭН чинь Фараонд бас бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.

19 Та нарын нүдээрээ үзсэн тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмэнд тийнхүү үйлдэнэ.

20 Бурхан ЭЗЭН чинь тэдний үлдэгсэд болон чамаас нуугдсан хүмүүсийг нь устаж дуустал тэдний эсрэг хорт хэдгэнийг илгээнэ.

21 Чи тэднээс бүү сүрд! Учир нь та нарын дунд байгаа Бурхан ЭЗЭН чинь аугаа бөгөөд аюумшигт Бурхан юм.

22 Бурхан ЭЗЭН чинь чиний өмнөөс тэр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг яаран устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.

23 Харин Бурхан ЭЗЭН чинь тэдгээр ард түмнийг чамд тушаан өгч тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.

24 Тэрээр хаадыг нь чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн дороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.

25 Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм.

26 Чи тийм жигшим зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хориг болох вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Учир нь тэр нь сүйрэл хураадаг юм.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan